Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол ирэх долоо хоногт болно.
Сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр шүүхэд хүргүүлсэн.
Гэвч уг хүсэлтийг шүүх хангах боломжгүй гэдгийг өнөөдөр болсон Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр шүүгч мэдэгджээ. Шүүгч:
-"Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах боломжийг хангаж өгөх тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Энэ тухай хариуг өгсөн. Шүүхэд хэрэг хянагдаж байгаа. Гэрчээр оролцуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй, шүүгчид ийм эрх хэмжээ олгоогүй тул асуудлаа зохих байгууллагад нь гаргаад шийдвэрлүүлэх боломжтойг өмнө мэдэгдсэн. Б.Ганбаатар гишүүнээс хүсэлт ирүүлэхэд тухай үед нь хариу өгсөн" гэсэн байна. Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх хүсэлтийг ирүүлсэн баримтынх нь хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул хэвээр үлдээхээр болжээ.
Эндээс харвал, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр гишүүн анхнаасаа л буруу хаалга татсан бололтой. Б.Ганхуягийг сонголд оролцуулах хүсэлтээ шүүхэд бус, мөрдөн шалгах ажиллагааг удирдаж, хяналт тавьж байгаа прокурорт гаргах ёстой юм бишүү?