x

Театруудыг гэрэлтэй байлга. Тэндээс цуурайлах дууг сонсоцгоо, эрхэмүүд ээ...

...Фёдер Михайловичийн “Гэм зэм” ээр манай хот хэдэн өдөр амьсгалж байна. Учир нь энэхүү алдар суутай, адармаатай сонгодогыг барьж авах зоригтон ерэн жилийн түүхэнд манай драмын урлагийнхан дотроос гараагүй билээ. 

Сэтгэл зүйн роман гэж тодорхойлогддог энэ аварга бүтээл хүний дотоодод болдог тулааныг үзүүлдэг. Үүгээрээ дамжуулж уншиж буй хүмүүний доторхыг төнхдөг эд л дээ. Өөртэй нь үзэлцүүлж, өөр дээр нь өөрийг нь авчирдагт үнэ цэн нь оршиж байж ч мэдэх юм. 

Ер нь амьдрахуйн хамгийн том зөрчил дотоод зөрчил. Хүмүүний хамгийн том тэмцэл өөрөө өөртэйгөө хийдэг тэмцэл ч байж мэдэх юм. 

Ийнхүү одоо ч уншигчдыг шалаанд оруулдаг, зуун дамжиж хүн төрөлхтөнийг дарамталж байгаа “Гэм зэм”-ийг өнөөдөр 2022 оны босгон дээр Монголын нийслэлд нэгэн шинэ орчин үеийн театр постдрам хэлбэрээр тавилаа.

“Гэм зэм” рүү очиход нь постдрам хамгийн зөв, хамгийн ухаалаг гарц байсан болов уу. Эцэст нь энэ хоёрын маш сонин нийлмэлийг бидэнд дэглэн үзүүлж чадсанд л найруулагчийн хараа, мэдрэмж, хүч нь оршиж байна. 

Зуун дамжин данайж буй “Гэм зэм” – ийг Достоевский хоолойнд тулгасан хутга шиг зовоож байсан өр ширнээсээ салахын тулд хүчээр шахам бичсэн гэдгийг мэдээд зарим хүмүүс сэтгэлээр унадаг шиг Москвагийн театр урлагийн академи (ГИТИС) –ийн шинэхэн төгсөгч, нэг залуухан найруулагч барьж аваад хийчихээр манайхны зарим дотроо дургүйлхээд байх шиг байна. 

Ганц хоёр урлагийн зүтгэлтэн гэгддэг нөхөд рүү утас цохин сэтгэгдэл сонссон биш хөндүүр дээрээ чимхүүлсэн мэт мэдрэмж авчих юм гэж санасангүй. Миний нэг зан байдаг. Тэр маань хүнтэй зөвлөх гээд байдаг, хүмүүсийн үгийг сонсох гэж цаг гаргадаг зан юм. Бодоод үзэх нь ээ, энэ нь сэтгүүлч мэргэжлийн дадал байж. Тэр дадал маань шинэ жүжиг, шинэ найруулагчийн тухай сэтгэгдлүүд сонсох руу хөтөлсөн хэрэг л дээ. 

Одоо эргээд үндсэн сэдэв рүүгээ очъё. Мөнөөх гайхал найруулагч хоёр жил гаруйн өмнө буюу 2018 оны хавар Гётегийн “Фауст” –аар “Би ирлээ” хэмээн чанга хашгирсан юм. Өнөөдөр харин Достоевскийн “Гэм зэм”-ээр...

Мэдээж энэ хоёр сонголт бол том зориг. Том зоригийн нөгөө талд том эрсдэл зогсож байдаг. Тэгэхээр том эрсдэлтэй нүүр тулж чадаж байгаагийнх нь төлөө эхлээд бид хүндэтгэх ёстой юм. Ард нь гарч чадаж байна уу гэдэг асуултын хариу нь өнөөдөр бидний ярьж буй зүйл юм л даа. 

Тахлын үед театр нээгдэж, тахлын үед Достоевскийг найруулан тавьж, тахлын үед манай хот бүтэн долоо хоног “Гэм зэм” ийн тухай яриагаар амьсгалж, тахлын үед алга ташилтын чимээ чихэнд нижгэнэж байсныг би хувьдаа хэзээ ч мартахгүй. 

Баярлалаа, залуу ноёнтон танд. 

....Манайхны нэг муухай бохир хандлага нийгмийн ухамсраас гүн бат зуураастай байсаар л байна. Тэр бол залуу насыг басдаг зан. 

“...Хөөрхий, залуу хүн зоригоороо л тууж байна даа. Зоригийг нь үнэлэхээс яахав. За, тэгээд хамаагүй хөөргөж алав. Хөөргөөд, архинд оруулаад ална л даа. Одоо юу юугүй магтаж болохгүй. Эвдэрчихнэ. Мягмарнарангийн хүү гэх шив дээ. Эцгийн нөмөр хаачихав” ....амнаасаа унагаж байгаа эдгээр үгс нь хичнээн ой гутам юм бэ. Бүр цаанаасаа нэг тийм заваан юм нь цухалзсан ийм хандлагыг залуу үе рүүгээ шидэж суудаг хүмүүс хичнээн олон юм бэ. Өдөржин бодож хямрав. 

Яагаад заавал залуу насыг зориг гэх зүйл авч явсан болдог юм бол. Яагаад мэдлэг чадвар нь, авьяас билэг нь байж болохгүй вэ. Яагаад залуу нас заавал хөөрч сагсуураад, архи дарсанд сөхрөн унах ёстой юм. Яагаад залуу учраас магтаж, хийж чадсаныг нь үнэлж болдоггүй юм. Яагаад заавал залуу насны кран нь нэр төртэй аав ээж, хамаатан садан нь байх ёстой юм.

Ийм нэг зальхай, хорон, зэвүүнхандлагыг хаа сайгүй арчиж хаях хэрэгтэй. Энэ хандлага манай нийгмийг дотоод гоо сайхангүй болгосон. Шагнал гэх одон тэмдэгээ сүүлдээ зүгээр л “ахмад нас”-нд зүүж өгдөг болтол манай этик уналаа шүү дээ. 

Хөгийн энэ хандлагаас болоод зориг гэх нэгэн сайхан үг бараг тэнэг маанаг гэхтэй дүйцэхүйц үнэгүй болчих шиг санагдав. Яг л эх орон, газар шороо, ард түмэн гэх мэт үгсийг шороотой хутгасан шиг...Уг нь залуу нас зориг хоёр хамт хөндөгдөхдөө ихэр юм шиг гоё зохиролтой,нисэлттэй үгс байсан юмсан. Ийнхүү харамсав. 

“Хөөрхий нас нь явчихлаа, олон жил явсан юмсан, тэрэнд яагаад өгөхгүй байна” гэх мэтээр асуудалд ханддаг болсон нь бидний энэ уналтын тод илрэл. Ийм нийгэмтэй мораль ярих боломж улам хаагдаж байна. Бүүдийж, сүүмийж буй энэ саарал орчинд гэрэл нэмэхийн төлөө тоотой хэдхэн хөрөнгө оруулагчид нь урлагт дэмжлэг үзүүлж байна. Шатаж, бадарч яваа хэдэн залуус юм хийж байна. Үүнийх нь төлөө алга ташиж болохгүй юу. 

Уншигч авхай та ийн хадуурсанд өршөөгөөрэй. Одоо эргээд “Гэм зэм” рүүгээ оръё. Ер нь бол залуу үеэ юугаар цэнэглэсэн бэ гэдэг асуулттай бүх үе тулгардаг. Өнөөдрийн манай залуусын тавьсан “Гэм зэм” ээс ч залуу үеийн маань багтраан сонсогдож байна. 

Үнэнийг хэлэхэд хамгийн эхэнд баяр хүргэх эрхэм бол энэ төсөл дээр ажилласан зохиолч Я.Баяраа юм. Тэр бол маш хурц зан чанар. Тэр шатан дүрэлзэгч, яруу сайхныг дуулагч, гайхмаар нандин хайрлагч юм. Тэр энэ удаагийн ажлаараа олон талтай, хөрвөх чадвартай зохиолч гэдгээ харууллаа. 

Авьяас, харизма, эр зориг, яруу тансаг түүнээс уншигддаг. Мэдээж, манай Баяраа шиг галзуу амьтан л Достоевскийг барьж авна. Магадгүй зарим нь түүнийг яруу найрагчийн зүрхээрээ хандана гэж түгшиж байсан байж мэдэх юм. За, ёстой яаж балладаг бол доо... гэсэн нөгөө л нэг танил хандлагаа зарим нь явуулж л байсан. Тэр харин үргэлжилсэн үгийн зохиолыг, тэр дундаа “Гэм зэм”-ийг драматург болгох энэ нүсэр ажлыг тархиараа хийжээ. Үнэндээ зүрх алдмаар хөдөлмөр гэдгийг урлаг утга зохиол, театр киноны урлагийг мэдэрдэг хүн бүр мэдэж байгаа. 

Нэгдүгээрт, тэр уран яруу монгол хэлтэй зохиолч гэдгээ харуулах гээд үзэгчид байтугай үзүүлж байгаа жүжигчид нь ч ойлгохгүй шүлэглээд цэцэрхээд тэнэгтээд явчихдаг гажуудал руу орсонгүй. 

Зүгээр л хонгор минь, чи ямар үзэсгэлэнтэй харагдана вэ гэхийг л “Чиний минь тэртээ ёлтойх өнчин сар мэт гоо үзсгэлэн миний зүрхийг базлуулан догдлуулж байна” энэ тэр гээд хайр хүндлэл ч биш садист маягийн дарамт болгоод хаячихдаг агуу зохиолчид манайхаар пиг шүү дээ. Ийм зовлонтой үзүүлбэрүүдээс ихэд залхсан үзэгчийн хувьд “Гэм зэм” –ийн хэл маш энгийн, маш цэвэрхэн байгаад үнэхээр баярласан.

Хоёрдугаарт, логик, хурц тод сэхээрлүүд, нэг тийм ариун нандин сүнслэг эрх чөлөө, дүрүүдийн зөрчил гээд Достоевскийн зохиолуудыг тодорхойлдог таних тэмдгүүдийг Я.Баяраа орчин цагийн үзэгчдэд ухаалагаар, энгийнээр хүргэсэн. 

Тэр ингэж эрүүл саруул сэтгэлгээ, цаг үеийнхээ хашгирааныг гаргаж шидлээ. Тэр өнөөдрийн нийгмийг өөрсдөд маань толинд харах мэт үзүүлэхийг хүсчээ.

Баяраа ...Батболд гэх энэ хоршил үзэгчдэд хариуцлагатай ажил үзүүллээ. Тэд үүгээрээ энэ нийгмийн хөдөлгөгч хүч болох залуу үед хариуцлагатай байхыг уриалж байна. Тэд урлагийн боловсролтой нийгмийн төлөө хүчээ өгч байна. Үүний төлөө талархах ёстой. 

...М.Батболд гэх найруулагчийг өнгөн талаас нь өнөөдрийн театрын урлагийг атгаж байгаа мафижсан эрхмүүдтэй өрсөлдөж байна, тэдэнд эрч хүчтэй ажлуудаараа цохилт өгч байна гэж өнгөцхөн харж болно. Үнэндээ ч тэд нь нөгөө л арван гуравдугаар зуун руугаа эргэж, өнөө л Чингис хаанаа тойрон тэнэг мунагдуу фантази үйлдвэрлэх төдий эргэлдэж байна. Чингис хаан дээр хийсэн фантазийг Сорогдогийн Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” - ээр тултал хийчихсэн болохоор өнөөгийн үзэгчдэд энэ оролдлогууд нь өндөр зэрэглэлийн сэтгэлийн таашаал өгч чадахгүй байх шиг. 

Баахан төсөв, хямдхан хувцас хэрэглэлүүд, жүжигчдийн улигт мафижсан сонголтоос үзэгчид залхаж байна. 

“Гэм зэм”-ийг ч гэсэн хуучны хэв маягаар дэглэн тавьж болно л доо. Гэхдээ залуус өөр хэлбэр, өөр технологи сонгож байна. Шороо пургисан хамба хилэн хормойнууд эргэлдүүлсэнээр классикийг илэрхийлчихгүй л дээ. 

...Орфей театрт тавигдсан “ Гэм зэм” –ийн тайз ямар сонирхолтой, ямар минималь, ухаалаг хийцтэй байв аа. Хувцас, гэрэл, найруулгын шийдлүүд, хөгжим бүгд нэг цогц болон цулшиж чадсанд энэ тавилтын онцлог оршиж байх шиг. Найруулагчийн ухаалаг сэтгэлгээний ачаар бид маш гоё стерео орчинд Достоевскийг театрын хэлээр үзэж сэтгэл мэдрэмжийн тансаг таашаал хүртлээ. 

Нөгөө нэг том багана нь найруулагчийн хийсэн жүжигчдийн сонголт байлаа. Түүний сонголт Ш.Доржсүрэнг эхнэрээ гол дүр болгодог кино төслүүдээс суга татан гаргаж ирж цоо шинээр нээн харуулав. Үүний ачаар жүжигчин Ш.Доржсүрэн бидэндЛужинаараа ямар ч дүрд жижигдэхгүй доторлог тоглолттой өвөрмөц жүжигчин болохоо нотлов. Жүжигчин Г.Золзаяа мөн л оногдсон дүрээ нягт нямбай, час хийсэн гүйцэтгэлээр босгодог, өөрийн гэсэн өнгө төрхтэй жүжигчин гэдгээ харуулав. Тэр бидэнд худлаа зүтгэлээр хулдаж бүтээсэн дүр биш, мятрашгүй, ариун нандин, цаанаасаа гэрэлтсэн Соняг бэлэглэв. Одоо ч би Д.ЛхагвагийнРаскольниковтой хамт өөрөө өөртэйгөө тэлчлэн тэмцэж, тамираа баран...Д.Ганцэцэгийн бүтээсэн Алена Ивановнатай хамт шатан байна...Ойрд ийм нөлөө мэдрээгүй уджээ. 

Жүжгийн нээлтэд очих, эхний тоглолтыг үзэх сайхан л даа. Гэхдээ нээлтийн тоглолтод жүжигчид хэт их хөөрөл, хүлээлтээс үүдсэн дарамтад орж бүх тоглолтуудаа санаанд тултал гаргаж чадахгүй өнгөрөх нь элбэг. Тийм болохоор “Гэм зэм”-ийг энгийн нэг өдөр чимээгүйхэн зорьж очоод үзсэндээ баяртай байна...

Бид өөр өөрийн онцлогийг гуйвшгүй хадгалж чадсан, зарчимтай, өөртөө үнэнч дүрүүдээр амьсгалав. Хальтирсан, илүүдэж дутуудсан алдаагүй, өөрөөр хэлбэл жүжигчдээ яв цав гүйцэтгэлүүдтэй байлгаж чаджээ, тэр. 

Монголын тайзнаа амилсан анхны “Гэм зэм”-ийг босгосон энэ баг бүхэлдээ маш сайн баг болжээ. 

Багт баяр хүргэе.

...М.Батболд найруулагч төрөлхийн гэмээр зөн мэдрэмжтэй хүн бололтой. Яг л чоно шиг өлөн, хурц хараатай юм. Түүний эдгээр довтолгоог нөгөө талаас нь, дотроос нь шинжвэл тэр хатуу зорилго тээгч юм шиг. Түүний сонголтууд тохиолдлын бөгөөд ямар нэгэн сэтгэл хөдлөлд захирагдаж хийгдээгүй юм шиг. Яагаад гэвэл тэр эмч байсан хүн. Тэр тусмаа сэтгэцийн эмч байсан хүн. 

Энэ их хөдөлмөрийг, тэр их нервийг хаяж чадсан хүн гэсэн үг. Тэгээд ахин ийм том ачааг, ийм том нервийг сонгож чадсан нөхөр гэсэн үг...

Ийм болохоор М.Батболдыг үзэл санаатай найруулагч юм байна гэж итгэж байна.Тэгэхээр тэр нийгмийг хөтөлсөн, хөдөлгөсөн жүжгүүдийг цаашдаа ч тавих байх. Тэгээд ч цагийн урсгалыг хойноос нь дагаж хийх юм бол урлаг сөнөнө гэж хэлсэн биз ээ. 

Дээрээс нь М.Батболд найруулагч хөрөнгө оруулагчидтай амжилттай хэлэлцээрт орж чаддаг, тэднийг татаж чаддаг хүн юм байна. Урлагийн тун ховор төслүүд дээр хамтардаг “Төгөлдөр сан”, “Непко” гээд оюун санааг сонгож хөрөнгө оруулдаг газруудыг “Гэм зэм” рүү татаж чадсан байна. “Фауст” дээр ч тэр “Алтан дорнод”-ын Т.Ганболд захиралтай хамтарч чадсан. Манай ихэнх компаниуд хошин шогийнхны төслүүд дээр л сурталчилгаагаа ихэвчлэн байршуулсан харагддаг. Массын урлагийн тайзнуудыг илүү сонгодог гэсэн үг л дээ. 

Жүжгийн тухай бичих нь жүжгийн үйл явдлыг ярьж өгөх биш юм. Эх зохиолыг ишлээд жишээд нуршаад явчих ч биш. Миний хувьд энэ хоёроос зугтлаа. Учир нь би зүгээр л хүмүүсийг үзээсэй гэж хүсч байна. 

Эцэст нь хэлэхэд: 

Түүх үнэтэй ч, өнгөрсөнтэй нялууран зууралдах эрхгүй цаг үе гэж өнөөдрийг эдгээр залуус үзэж байгаа юм байна. Тийм болохоор театруудыг гэрэлтэй байлга. Тэндээс цуурайлах дууг сонсоцгоо, эрхэмүүд ээ...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 3 цаг 52 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 7 цаг 26 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 9 цаг 14 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 9 цаг 30 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 9 цаг 43 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 9 цаг 59 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 10 цаг 12 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 10 цаг 54 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 10 цаг 56 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 10 цаг 56 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 10 цаг 57 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 10 цаг 58 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 11 цаг 0 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 11 цаг 1 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 11 цаг 3 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 11 цаг 4 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 11 цаг 5 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 13 цаг 11 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 13 цаг 13 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 13 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top