x

Хамба лам Д.ЧОЙЖАМЦ: Хуурч мэхэлсэн, худал амласан, залилсан хүн ХУЛГАНА жилд хол явахгүй

Дэлхий дахинаа тархаад буй халдварт өвчин болон “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өнгийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа. 

-Амар сууна уу, Таны энэ өдрийн амгаланг эрье. Удахгүй монгол түмний сар шинийн баяр болох гэж байна. Энэ жил тийм ч өргөн дэлгэр тэмдэглэхгүй нь бололтой?

-Тийм ээ, ганцхан монгол түмэн ч биш хөрш Хятад орон ямар их зовлонтой, гачаалтай байна вэ. Энэ удаагийнх энгийн нэг ханиад шиг эмнэлэгт очоод эдгэрээд гардаг өвчин биш бололтой. Хөгжиж буй том гүрэн хүн хүч, эдийн засгийн хувьд ихээхэн алдагдал хүлээж байна. Хэрэв манай Монголд ирвэл аль ч оронд чөлөөтэй зорчих эрх нь хаагдах тэргүүтэй их хорон хажир юм болох нь хэмээн санаа зовниж сууна. Ийм цөөхөн хүн амтай манайд тийм их халдвартай, эмчилгээ сэлт нь олдоогүй ёрын өвчин дэлгэрвэл маш их төвөг учирна. Тиймээс бүгд тун болгоомж, сэрэмжтэй байх цаг үе ирээд байна.

-Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэм­дэглэхгүй байхыг Ерөнхийлөгч уриаллаа. Энэ талаарх хийдийн байр суурь ямар байна вэ?

-Засаг төрийнхөө дээдэс, хэргэм зэрэгтний санаа зовнил, олон улсын байр байдлыг судалж, энэ өвчин зовлонгийн талаар гаргаж буй мэдэгдэл зэргийг дагах ёстой. Хөл хорио тогтоохын сацуу Цагаан сарын тухай зовнисондоо ийм арга хэмжээ авч буй хэрэг. Түүнээс юу боллоо гэж үндэснийхээ олон мянган жил тэмдэглэж ирсэн баярыг сайн дураараа болиулна гэх билээ. Аргаа бараад л ийм шийд гаргаж буй биз. Засаг төрийнхөө үгийг дуулах хэрэгтэй. Дэлхийн болон өөрийн эрүүлийг хамгаалах газрын гаргасан заавар, зөвлөгөөний дагуу гараа угааж, амны хаалт зүүж хэвшихийг бүгдээрээ хамтарч хүлээн авах, ёсоор нь биелүүлэх учиртай.

-Шашин номын талаасаа Гандантэгчэнлин хийд энэ өвчний эсрэг үрэл гаргахаар болсон гэсэн. Өөр ямар үйл хийж байна вэ?

-Сүүлийн 20 хоногийн турш гүрэм, дором хийж, ханиадны эсрэг уншлага үйлдэж байна. Бидэнтэй ижил шашин номтой газрууд юу хийж байна, тэр бүхнийг бодож болгоож байгаа. Дээрээс нь Монголын уламжлалт шашин маань ийм үед юу хийж ирсэн бэ гэдгийг судалж, төв хийдийн эрдэмтэн лам нар хөдөлж эхэлсэн. Богд лүндэн хэмээх сударт ирээдүйн хэцүү цагт янз бүрийн ханиад үүснэ, мөн ямаа, гахай, тахианы мах тэргүүтэй зүйлийг идэж, хэрэглэж болохгүй үе ирэх учир болгоомжил гэж буулгасан байдаг. Төвөдөд сарьсан багваахайн зурагтай ном хүртэл хэвлэж, улмаар Соронзон Гомбо хааны үед буюу VI, VII зууны үед бичигдсэн сарьсан багваахайнаас эдгэшгүй муухай хижиг өвчин үүснэ гэсэн ном судар байдаг.

-Ийм хэцүү цаг ирэхийг мэдэж байсан учраас үүнээс сэргийлсэн эм, бэлдмэл, үрэл тэргүүтнийг гаргасан байдаг уу?

-Сүүлийн 400 жилд монголчууд ардын эмнэлгээр явж ирсэн. Ингээд 1921 оноос шинэ цагийн эмнэлэг нэвтэрсэн. Тэр хүртэл лам нар эмч байж, хүрээ хийдэд Манба дацан бий болж, төгсөгчид нь ард түмнээ эмчилж явсан түүхэн уламжлалтай. Тиймээс бидэнд асар их анагаах ухааны уламжлал соёл байна. Аюулаас аварч болох цагаан тан, лидэр түнтэн гэх мэт олон сайн эм тан бий. Үүнийгээ бид нэмүүхэн шиг хийхээр зэхэж байна. Мөн хар үрлээ ахиу хийгээд сүсэгтэн олонд тараахаар бэлдэж байгаа. Уг нь нэн түрүүнд, хамгийн эгзэгтэй газраар явдаг эмч, цагдаа, сэтгүүлч нарт тараана гэж бодож байлаа. Гэтэл нэг жаахан эргэлзэх, сэтгэлд сэв буучихсан л байна. Үрэл авчхаад элдэв дээдээр муу яриад, гүтгээд байвал яадаг бол, яадаг билээ дээ гэсэн бодолтой байна. Тиймээс бурхны шашиндаа сүсэглэдэг, арц, үрэл, утлага гэх мэт зүйлдээ дуртай хүмүүстээ тараадаг ч юм уу даа гэсэн бодолтой сууна. Юутай ч амьтанд тустай гээд зориг мохолгүй хийж байна. Хажуугаар нь эм тангаа хийнэ. Зүгээр суугаад яах вэ гээд ханиад томууны эсрэг уншлага, гүрэм, дормоо хийцгээнэ дээ.
Энэ зун “Батцагаан” шинэ дуганы нээлтээр бид Найчин, Чойжин бурхныг буулгаж, Монгол оронд, монголчуудад саад бэрхшээл юу байна гээд ихээ гүрэм, дором уншсан. Дацан дацанд хуваарилж уншиж эхлүүлсэн. Түүнээс гадна Улаанбаатар хотын хийгээд улс даяар буй бүх хийд рүү унших номын жагсаалт явуулж, уриалга гаргаж байна. Шашинтай газар ийм л байдаг. Бултаараа л чадах чадахаа хийн зүтгэж, энэ муухай ханиадны эсрэг явж байна даа.

-Хувьтай хүн хулгана жил үзнэ гэж их үнэн үг байна шүү?

-Хувьтай хүн гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Хуучны үг ёгтлол ихтэй. Ийм муухай ханиаданд олон хүн нэрвэгдэж, түүнээс үлдэж чадсан нь хувьтай байж болох шүү дээ. Тиймээс үүнийг хүрэхгүй байх, өөрийн хувь заяаг аварч гарах нь хувьтай хүн гэдэгт орох тухай юм. Яагаад гэвэл энэ бол дэг журмаа сайн баримталж, дахин хэлэхэд, засаг төрөөс явуулж байгаа бодлогыг сайн сахь, сүсэг бишрэлээ хичээ, өөрийгөө болон гэр бүлээ хамгаал гэсэн үг. Баар саванд орохоос авхуулаад олон нийтийн газраар явахгүй байх, идэж уух дэглэмээ барьж, цэвэр агаарт гарах гэхчилэн их сайхан үйлийг хийж чадсанаараа бид аюулт өвчнийг гэтэлгэж, сайн сайхан явах уг эх үүсвэр бий болно.

-Айлчлан ирж буй “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн ерөнхий зурлага ямар байна вэ?

-Ерөнхий зурлагаар сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Ер нь жил гарах нь хэдэн мянган жилийн тэртээх цаг хугацааны үргэлжлэл байдаг. Мянган дуусаад шинэ мянган эхэллээ ч урд мянганы л үргэлжлэл байна. Зуун өнгөрөөд дараагийн зуун эхэлсэн ч гэлээ бидний амьдралын л үргэлжлэл байдаг. Тэгэхээр нэг жил улирч, дараагийн жил айлчлах нь мөн ялгаагүй тийм л гэсэн үг. Шинэ жилийн сайхан, муухай болох эсэх нь ихэнхдээ амьдралынхаа суурийг яаж тавьсан бэ гэдгээс хамаарна. Мэдлэг, боловсролоо дээшлүүлж, ажил хөдөлмөртөө зүтгэл гаргаж, жаргалтай сайхан амьдралаа бүтээхийн төлөө эдийн засаг, цалин цавгаа бодож ямар хичээл зүтгэл гаргасан бэ гэдгээс хэрхэн амьдрах улбаална. Ийм хичээл зүтгэл гаргасан бол хойшдын бүх үйл хэрэг сайн сайхан байх нь гарцаагүй.

-Шороон үхрийн зурлагын шинж ямар байсан бэ?

-Шороон үхрийн зурлагаар мал сүргийн хувьд жаахан эгзэгтэй гэж гарсан. Янз бүрийн зүйл гарч мэднэ. Тиймээс мал сүрэгтээ анхаарахад гэмгүй. Бороо хурын тухайд жилийн дунд хүртэл буюу ихэнх хэсэгтээ багавтар, дундаас хойшоо нэлээд хур орох төлөвтэй. Тиймээс өвс ногоо сайн гарч, тариа ногоо дэлгэр байна.

-Сонгуулийн жил тохиож байна. Улс төрийн төлвийн хувьд ямар байх бол?

-Ерөнхийдөө гайгүй байна. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэсэн болохоор улс төрд өөрчлөлт шинэчлэлт гарах болов уу гэж санагдана. Гэхдээ маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Хуучин шиг худлаа амлалт өгөх, үнэн худал зүйл ярих, бие биенээ доромжлох үйл энэ удаагийн сонгуулиар хол явахгүй байх. Харин ёстой үнэн үгээ хэлж, улсынхаа төлөө зүтгэнэ гэсэн хүмүүс гарах болов уу. Яагаад гэвэл, бид ухаанаа олчихсон байна шүү дээ. Энэ парламент улс төрийн нэлээд бужигнаантай байлаа. Угтаа нэг нам өөр хоорондоо хэрэлдэн тэмцдэггүй байсан бол энэ удаад дотроо талцаж, үзэлцэж, сайн муугаараа дуудалцсан. Ард түмэн мэдээлэлтэй байгаагийн хувьд худал хуурмагт итгэхгүй гэж л бодогдож байна. Үнэн зөвөөр ярьсан, тайлбарласан, улс орныхоо зовлон гачаалыг үнэнээр нь ард түмэндээ өчсөн сайн хүмүүс тодорсон сайхан сонгууль болоосой гэж бодно. Дахин хэлье. Залилсан, хуурсан, мэхэлсэн, худлаа амласан нь хол явахгүй дээ.

-Зурхайг од гараг эрхэс, орчлон ертөнц, нар сарны хөдөлгөөнд тулгуурлан гаргадаг уу?

-Тийм ээ, орчлон ертөнцийн хөдөлгөөн, нар сар, дэлхийн харьцаа, үүнд оролцож буй махбод буюу химийн элементүүдийн хоорондын харилцан холбоон дээр тулгуурлан байж эртнээс зурхайг зурж ирсэн түүхтэй. Ийм жилтэй, ийм махбодтой хүн энэ жил тийм байж болно гэсэн магадлалыг үүсгэдэг юм. Тиймээс гарах гэж буй жил дээдэст жаахан ширүүн байх нь. Ноднин жил мөн л дээдэст ширүүн гээд дээгүүрээ нэлээд бужигнасан даа. Энэ жилийнх дээдэст ширүүнээс гадна дундчуудад бүр ширүүн байна гэж байна лээ.

Тэгэхээр дунд шатны албан тушаал хашигчид хууль зүйгээрээ явж, ёс зүйтэй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Тэгвэл хэн ч, юу ч хийхгүй. Бусармаг үйл хийвэл буцаад хариу нь ирнэ хэмээн зурхайд буусан. Тиймээс ёс зүйтэй, хууль номоо дагасан, улсынхаа явуулж буй бодлогыг дэмжиж чадвал энэ жил сайхан байх нь ээ.

-Сүсэгтэн олон жилийнхээ заслыг хэрхэн хийлгэх вэ?

-Энэ их ханиад томуутай үед ард түмэн нэг дор цуглах нь хэцүү, зовлонтой. Тиймээс Цагаан сарын дараа хөл хорио тасраад, энэ муухай өвчний сураг алга болоод ирэхийн цагт лам нараа тусгайлан гаргаж, шинэ жилийн заслыг хийж өгнө дөө. Үүнд санаа зовох хэрэггүй, бид амлалтаа биелүүлнэ. Хөл хорионы дараа ирж хурал номоо айлтгаж, заслаа хийлгээрэй гэж сүсэгтэн олондоо айлтгах байна даа.

-Гахай жилийн төгсгөл нэлээн ширүүн байх шиг байна?

-Хур тунадас арвинтай, тариа ногоо дэлгэрсэн, мал сүрэг өссөн сайхан жил улирч байна. Улаанбаатар хотод өчнөөн сайхан бүтээн байгуулалт өрнөлөө. Монголчуудын хөгжил дэвшилд олон сайхан зүйл ирсэн дээ. Бид л өөрсдийгөө ажиглахгүй байгаа болохоос биш 1990 онд бидэнд юу л байлаа даа? Тэртээ 1940-1950 оны 40 мянгат, сүүлд нь Орос, Хятадын хамтарч барьсан 50 мянгат, Л.И.Брежнев даргын 1, 3, 4 дүгээр хороолол гэдгээс өөр байшин барилгагүй л байлаа. Гэтэл 1990 оноос хойш 27-хон жилийн дотор ямар гоё бүтээн байгуулалтуудыг хийв. Гаднын оронд явж буй мэт сэтгэгдэл төрүүлэх гялалзсан сайхан шилэн байшингууд сүндэрлэж байна.

Тэгэхээр олсон амжилтаа бид магтан дуулж, сэтгэл зүрхээ тэжээж явах учиртай. Хамгийн гол нь хүний сэтгэл шүү дээ. Хэчнээн сайхан зүйл бүтээлээ ч түүнийгээ үнэлж чадахгүй байвал хэцүү дээ. Гэхдээ 1921 оноос бид хөгжиж дэвшиж байна гэж ярьж байгаа ч биднээс тээр хойно байсан Өмнөд Солонгос, Тайланд 40 жилийн дотор ямар том эдийн засагтай улс болж хөгжиж байна вэ. Биднийг морин тэрэгтэй гэлдэрч явахад тэд автомашинтай сүнгэнээд хажуугаар гарчихлаа. Иймд нийгмээ зөв сонголттой явуулж, Үндсэн хуулиа дээдэлж, хүн бүр бие биендээ шүүмжлэлтэй болон магтаалтай хандаж, ёс зүйтэй амьдарвал улс маань жигтэйхэн сайхан болно шүү дээ.

-Улирч буй гахай жилд танай хийдийн зүгээс ямар ажил өрнүүн хийсэн бэ?

-Шашны хувьд ололт амжилт ихтэй жил байлаа. Олон улсыг хамарсан дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Өнгөрсөн зургадугаар сард Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг хийсэн. Энэ хуралд маш олон орны хүмүүс ирсэн. 1990 оноос хойш хоёр систем нуран унасан учраас энх тайвны тухай ярихад тун бэрхшээлтэй нийгэм байв.

Тэгвэл 2010 он гарснаас хойш олон улсын байдал өөрчлөгдөж, эдийн засаг хийгээд улс төрийн тэмцэл нэлээд хүчтэй өрнөж эхэлсэн учраас энх тайвныг ярьдаг байсан байгууллагууд дэлхийд хэрэгтэй болж ирсэн. Тийм ч үүднээс олон улсаас уриалан дуудаж, энэхүү хурлыг дахин сэргээж, үйл ажиллагааг нь явуулаач гэсэн хүсэлт ирүүлсэн. Ингээд Азийн буддистуудын энх тайвны хурлыг зохион байгууллаа. НҮБ-ын байнгын элч төлөөлөгч энэ хуралд ирсэн. Азийн буддистуудын холбоо нь шашин дотроо ганцаар НҮБ-д статустай. Цаашид илүү олон орныг эгнээндээ нэгтгэх зорилготой байгаа.

Дараагийнх нь самбад буюу мэтгэлцээн гэсэн санскрит үгнээс гаралтай хурал байлаа. Хөгжил дэвшил, түүний дотор ёс зүйн хувьд хүн төрөлхтөнд дутагдаж буй, Азийн бэлгэ дэмбэрэлийг сэргээх зорилгын дор Самбад хурлыг хийсэн. Мөн л олон орны хүмүүс ирсэн. Дээрээс нь “Батцагаан” дуганы нээлтийг хийлээ, удаад нь шарын шашныг дэлгэрүүлсэн Богд Зонхов ламын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэхдээ гагц Монгол биш Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад гээд Монгол туургатан даяараа илтгэл хэлэлцүүлж, өрнүүлсэн. Мөн VIII Богд Жавзандамба Хутагтын 150 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар нэг жилийн турш тэмдэглэсэн. Энэхүү ойг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Чойжин ламын сүм музей, Богдын ордон болон шинжлэх ухааны гэх мэт олон байгууллага хамтарч зохион байгуулсан. Тус тусын үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ Гандан дээр ойг тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал хийж, олон гавж, гэвш, эрдэмтэн мэргэдийг залсан.

VIII Богд Жавзандамба хутагт бол маш гайхамшигтай хүн. Коммунистууд элдэв дээдээр доромжилдог байсан ч тэрбээр Монголын тусгаар тогтнол, эв нэгдэлд гайхалтай үүрэг гүйцэтгэж, Манж Чин улсын дарлалаас салж тусгаар тогтнолыг дахин сэргээх ажлыг оройлон манлайлж, удирдсан. Тэрбээр монголчуудын оюуны удирдагч байсан төдийгүй түүний сайн үйл хэрэг бүх ард түмэнд нөлөөлж чадсан.

-Монголын ард түмэнд, сүсэгтэн олондоо хандан Та Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Сүсэгтэн олондоо Сар шинийн мэнд дэвшүүлье. Шинэ жилдээ амгалан сайхан байж, ёс жудагтай, хууль дүрмээ биелүүлсэн, засаг төр болон эрүүлийг хамгаалах газрын зөвлөгөөг дагаж, бэршээлтэй хижиг ханиадын ард энх тунх гарах болтугай. Мал сүргээ өсгөж, ажил хөдөлмөрөө эрхэлж, улс орноо хөгжүүлж бүгдээрээ гэр бүлдээ амгалантай сайхан Монгол орноо бүтээцгээе хэмээн та бүхэндээ уриалъя.

-Ерөөл бат орших болтугай. Танд эрүүл энхийг хүсье.

Б.Бямбасүрэн

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 52 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 11 цаг 26 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 13 цаг 14 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 13 цаг 31 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 43 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 14 цаг 0 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 14 цаг 13 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 14 цаг 55 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 14 цаг 56 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 14 цаг 57 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 14 цаг 57 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 14 цаг 58 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 15 цаг 0 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 15 цаг 1 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 3 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 15 цаг 4 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 15 цаг 5 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 17 цаг 11 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 17 цаг 13 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 17 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top