Эл үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд гуравдугаар сарын 1-нийг дуустал олны хүртээл болно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Энэтхэгийн соёл, гар урлал” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.
Монгол Улс 1955 оны 12-р сарын 24-нд БНЭУ-тай дипломат харилцаа тогтоож, тус улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны улс болсон түүхтэй. Мөн 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн.
Энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Шадар түшээ соёлын элч сан” ТББ-ын санаачилгаар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Улсад суугаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн онцлог
-
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:
- “Дипломат харилцааг зөвхөн Засгийн газар байгуулдаггүй, үүнийг бэхжүүлэхэд иргэдийн харилцаа нэн чухал. Соёл урлагт хэлний бэрхшээл гэж үгүй. Эл үзэсгэлэн нь соёлын болон иргэд хоорондын харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.
-
Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгөөс XIX-XX зууны Энэтхэгийн гар урлал, шашин, түүх, урлагийг илэрхийлсэн 200 гаруй бүтээлийг дэлгэсэн.
-
БНЭУ-ын Элчин сайдын яамны хадгаламжид байсан 14 ширхэг бүтээлийг анх удаа олны хүртээл болгож байна.
Үзэсгэлэнд багтсан онцлох бүтээлүүд
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа:
- Энэхүү цуглуулгуудыг 1969, 2003 онд зохион байгуулсан “Гар урлалын үзэсгэлэн” болон “Энэрэхүйн зам” гэрэл зургийн үзэсгэлэнгээс худалдаж авсан.
- Яс, төмөр, модон сийлбэр, гоёл чимэглэл, гэрэл зураг, гар урлалын өвөрмөц бүтээлүүд багтжээ.
- Хинду шашны хүрэл цутгамал шүтээнүүд:
- Вишнү (хамгаалагч)
- Шива (шүүн дэнслэгч)
- Лумбини дахь Ашок багана, Наланда, Барабар агуй зэрэг Энэтхэгийн түүхэн дурсгалт газруудын гэрэл зургууд тайлбартай байршуулсан.
Үзэсгэлэнгийн хугацаа, үнэ
Энэхүү үзэсгэлэн 2025 оны 3-р сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд нээлттэй байх юм.
Эх сурвалж: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, БНЭУ-ын Элчин сайдын яам