Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратегийг боловсруулахдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ хийж, төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш, гадаадад ажиллаж буй мэргэжилтнүүдийн саналыг нэгтгэн боловсруулжээ.
Энэ стратеги нь уул уурхай, эрчим хүчний салбарт хиймэл оюуны хөгжлийг түлхүү нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц нь бүрэн автомат дата төв байгуулах таатай орчин бүрдүүлж буйг онцолсон байна.
Шадар сайд С.Амарсайхан хиймэл оюун ухааны ач холбогдлыг онцлон “Дэлхийн эдийн засаг, аюулгүй байдал, хүний хөгжилд хиймэл оюун ухаан цогцоороо нөлөөлж байна. Монгол Улс хэрэглэгч бус хөгжүүлэгч орон болох стратегийг боловсруулах нь чухал” гэдгийг тэмдэглэв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Хиймэл оюуныг хөгжүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах ёстой. Төр өөрийн өгөгдлөө ил тод, нээлттэй болгож, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал. Үүний тулд мэргэжилтэн бэлтгэх, дата төв байгуулах, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих бодлогын зохицуулалт хийх шаардлагатай” гэж мэдэгдэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурийн төлөөлөгч Д.Матилда “Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих санхүүжилтийн механизм, хүний нөөц, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Хиймэл оюуны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшил, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам