2023-2024 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад "Pearson" хөтөлбөр англи хэлний сургалтад нэвтэрч, энэ жил 5-7 дугаар ангийнхан 100 хувь уг хөтөлбөрөөр хичээллэж байна. Цаашид 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 3-12 дугаар ангийн сурагчдыг үе шаттай хамруулахаар төлөвлөжээ.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд "IEDC - Pearson partner Mongolia" байгууллагын захирал М.Найдалмаа боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаны хүмүүст хөтөлбөрийн шинэчлэл, хэрэгжилтийн явцыг танилцууллаа.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд:
- Англи хэлний 2300 багш бэлтгэсэн.
- Мастер багшийн модуль сургалт явуулж, багш нарын чадавхыг дээшлүүлэх.
- Хосолмол сургалтын арга зүй болон шинэ төгсөгчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх.
- Багш нарын түвшин тогтоох, ахиулах, бататгах сургалтуудыг зохион байгуулах.
Судалгаагаар багш нарын 70-аас дээш хувь нь англи хэлний дундаас доош түвшинтэй гэж тогтоогдсон тул багш нарын хэлний түвшинг сайжруулах сургалт, сурагчдын түвшин тогтоох шалгалтыг шат дараатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Цаашид англи хэлний сургалтын хөтөлбөр, сурах бичгийг "Pearson" стандартад нийцүүлж, боловсролын бодлого, төлөвлөлтийг энэ чиглэлд уялдуулах ажлыг эхлүүлэхээр тогтов.