Өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль-ийн дагуу Засгийн газрын тогтоол гарч, улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар болсон.
Эдгээр ажилтнууд 2025 оны хоёрдугаар сараас шинэ албан тушаалдаа томилогдож, ажиллах бэлтгэлээ хангаж байна. Энэ хүрээнд тэднийг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хэмжээний сургалтыг улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.
Сургалтыг 21 аймгийг долоон бүсэд хуваан явуулахаар төлөвлөсөн бөгөөд зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нийт 55 нийгмийн ажилтан ажиллахаар болжээ. Тав хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон их, дээд сургуулиуд хамтран зохион байгуулж байна.
Сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажилласнаар:
- Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг урьдчилан тогтоох,
- Сурах, хүмүүжих орчныг сайжруулах,
- Гэр бүлийнхэнтэй нь хамтран ажиллах,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.