x

Мөнгө тархийг орлодоггүй

МӨНГӨ ТАРХИЙГ ОРЛОДОГГҮЙ

Форэст Гамп гэж аугаа кино бий. Үзээд ханашгүй. Мань Гамп нэлээдгүй зүүлэг нэгэн. Оюуны хомсдолтой биш гэхэд юутай ч дутагдалтай. Гэхдээ их зөв сайхан хүн. Тэр нөр хөдөлмөрөөрөө тэрбумтан болж Форбэс сэтгүүлийн хавтсан дээр хүртэл гарчээ. Америк бол гуйлгачинд ч эрдэнэс атгуулдаг аугаа бололцооны орон. Ингэж ч их суртчилдаг. Эрх чөлөө юуг ч юу ч болгож хувиргадаг аж. Ухаан хомс Гамп хүртэл тэргүүн баян болж байна. 

Энэ бол америк мөрөөдөл. Амьдрал дээр тэр бүр тохиолдохгүй л байх. Гэхдээ л жар далаад оны үед дэлхийн хамгийн баян гэгдэж байсан Харолдсон Л. Хант ердөө дөрвөн жилийн боловсролтой, нэн ядуу нэгэн байжээ. Тэрээр нефтийн их орд гарах хэсэг эзгүй газрыг хөзрийн мөрийгөөр хожиж баяжих гараагаа эхэлсэн гэдэг. Өнөөдөр дөрөв хуваагдчихаад дөрвүүлээ дэлхийн хамгийн том компанид тооцогдож буй Вол Мартын гэр бүлийн эхийг тавигч ядуу зүдүү амьдрал туулж явсаар өөрийн нэг насандаа хорвоогийн хамгийн мөнгөтэй эр болсон. Америкт ийм жишээ их бий. ХХ зуунд өөр олон газар ийм хүмүүс олноор төрсөн. Эднийг сэлфмэйдмэн буюу өөрөө өөрийгөө босгосон хүн гэж нэрлэдэг.

Баячууд, ядуучуудын хооронд мөнхийн зөрчил байсан. Өнө эртнээс хэн баян байв? Мэдээж эрх барих язгууртнууд. Цэргийн эрхтэн нар. Эд бол цаанаасаа баян байх учир жанцантай улс. Хүлээн зөвшөөрөгдсөн. Гэтэл худалдаачид гэж өөр нэг баян давхрага байв. Урьдын цагт үйлдвэр, үйлчилгээ гээд өнөөгийнх шиг юм байсангүй. Мөнгөний эргэлт хийж болох ганц салбар нь арилжаа наймаа. Иймээс чухамхүү худалдаачдыг бүгдээрээ үзэн яддаг байлаа. Нийтээрээ шүү. Есүс тэднийг сүмээс хөөхийг шаардаж байв. Күнз, Будда, Мохамэд нар ч тэдэнд талтай хандаж байсангүй. Чухамдаа худалдаа наймаа их эрхэлдэг учраас жүүд үндэстнийг бусад нь гадуурхана. Маркс мөнгөтэй хүмүүсийг хүйгээр нь устгахыг шаардаж байлаа. Онолыг нь дагасан манайд өнөөгийн бизнес эрхлэгч эмэгтэйг панзчин авгай л гэхээс өөрөөр нэрлэж байсангүй.

Мөнгөтэй хүмүүсийг оюунтнууд үздэггүй байлаа. Өрөндөө баригдсан Бальзак “Гобсэк” зохиолоо өлөн нойтонгоороо туурвина. Дантэ, Гоголь нар тэднийг хуйхалж байлаа. Аугаа эрдэмтэн Галиллэй, да Винчи, зураач Рэмбрандт, ван Гог, хөгжмийн зохиолч Моцарт, Бетховэн, сэтгэгч Вольтэр, Диогэн, Достоевский гээд үе үеийн оюунтнууд ядуу зүдүү, мөнгөний мөнхийн гачаалтай, хөөгдөж туугдсан, гадуурхагдсан хүмүүс байлаа. Оюуны гайхамшигт тэсрэлт мөнгө болж хувирдаггүй байв. Да Винчиг ХIХ зуун болтол хүмүүс мэддэггүй байлаа. Бүтээл нь хэдхэн баячууд язгууртны хүрээнд эргэлдэнэ. Копэрник нарыг зогсоож дэлхийг эргэлдүүлсэн нь эргээд ямар ч баялаг болсонгүй, харин ч гай гамшиг дагуулав. Вольтэрийн хэрүүл түүнийг эх нутгаасаа амь тэмцэн зугтаахад хүргэжээ. Лобачевский геометрийн бүхэл бүтэн цоо шинэ огторгуй нээснээрээ юун мөнгө олох, галзуугийн больницод хүргэгдсэн. Хорвоог оюунтнууд хөтөлдөг, гэвч тэд гуйлгачин явах заяатай аж.

Оюун эзэмшигчдийн зүгээс мөнгө эзэмшигчдийг хүлээн зөвшөөрсөн эхний сартваахи нь Адам Смит байлаа. Чөлөөт худалдаа нь нийгмийн хөгжлийг урагшлуулах мотор мөн болохыг тэрээр нээжээ. Ингэхээр худалдаачид гэдэг тийм ч муу хүмүүс биш бололтой. Магадгүй сайн ч хүмүүс байх. Торгоны зам, Бритиш Ийст Индиа компанигүйгээр дундад зууны хөгжил байх ч байсан юм уу? Наймаачдыг учиргүй хүндэтгээд байхаа байг гэхэд чөлөөт худалдааг өөрийг нь боож хаагаад байхгүй бол энэ нь Үндэсний баялаг болдог аж. Ингээд чөлөөт худалдаа буй болсноор Аж үйлдвэржилтийн хувьсгал боллоо. Нийгэмд гагц арилжаа наймаа төдийгүй үйлдвэр үйлчилгээ гээд үй түмэн бизнесийн салбар шинээр нээгдэх нь тэр. Мөнгөтэй хүн олширлоо, мөнгийг хэн ч эзэмшдэг болов. Харин ч цаанаасаа мөнгөтэй байх заяатай язгууртан, сүм хийдийнхэн, цэргийн эрхтэн дархтанууд удаа дараагийн хувьсгалаар түлхэн унагагдав.

Хэзээ ч мөнгөн утгаар үнэлэгддэггүй байсан оюун ухаан “зах зээлд” гарлаа. Дюма, Толстой нар зохиолоороо амьддаа асар их мөнгө хийсэн анхны оюунтнууд байв. Пикассо бүтээлээ тэр дор нь толгой эргэм мөнгөөр зарна. Кэйнсийн зөвөлгөө ямар их үнэтэй байсан гэж санана. Эдисоны загвар, шинэ санаачлага дор бүрнээ л үйлдвэрлэлд шилжиж байв. Оюунтнууд өөрснөө бизнес эрхлэгчид болох нь ховор зүйл биш болжээ. Харри Потэрийн ээж Ровлин тэрбум доллар хийсэн анхны зохиолч боллоо. Спилбэрг аугаа найруулагч уу, мөнгөний машин уу? Дундад зууны үед нийгмийн зиндаагаар дөнгөж гудамжны янханы дээр л тооцогддог байсан жүжигчид өнөөдөр алтан жорлон сандайлсан, тэнгэрийн одыг бүдэгрүүлэгчид болжээ. Сайн тамирчид мөнгөндөө живж байна. “Миний нээлт бүтээлийг хойч үе л ойлгоно” гэх маягийн хэллэг зөвхөн шизотой хүмүүст л хамаарах болов. Зах зээл шилдэг бүхнийг өөрөө шүүн илрүүлж ховх сорон дор нь баялаг болгоно. Аугаа оюунтныг байтугай олигтой оюутныг ч урдуураа гаргахгүй олж илрүүлэн мөнгө болгодог өнөөгийн прагматик ертөнц!

Мөнгө бол нийгмийн эд эс болгонд хүрч шим тэжээл өгөгч цус. Мөнгөгүй нийгэм байгуулах гэсэн Кампучийн туршилт сүйрлээр дууссан. Орчин үеийн Америкийг босгож ирсэн Рокфэллэр, Карнеги, Морган гурав энэ бүхнээ мөнгөний асар том цутгалан эргэлтээр бүтээжээ. Чухам тэр их мөнгө нь Фордын конвейрийн машинаар эргэлдсэн юм. Мөнгөөр бүхнийг худалдаж авч болно, тэрбайтугай оюун ухаантныг худалдан аваад өөртөө зарцалж болно. Мөнгө, мөнгө, мөнгө!

Гэвч ямар ч их мөнгө оюуныг орлож чадахгүй. Мөнгөөр ухаан ч олдохгүй, авъяас ч олдохгүй. Мөнгийг зах зээл буй болгодог бол оюуныг Бурхан бүтээдэг юм. “Тийм л их ухаантай юм бол яагаад мөнгөгүй байгаа юм?” гэсэн америк маягийн ёжлол бол бүдүүлгийн туйл. Их сайн цайруулж бодоход энэ нь авъяас чадвараа борлуулах хэрэгтэй л гэсэн сануулга байх. Мөнгө бол тэжээл болохоос тархи биш. Прагматик нь хэтэрсэн америкчууд “Баян аав, ядуу аав” гэсэн ном бичиж зах зээлд гарган их мөнгө олжээ. Оюуныг басамжилж, наймаачдыг аминдаа их л өндөрт өргөсөн байх юм. Худалдаачид мандтугай, Адам Смитийн зөв. Гэхдээ хөл нь доод талд, тархи нь дээрээ байдаг хорвоогийн жам хэвээрээ шүү дээ. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр Адам Смит нийгмийн жам яриадахсан чинь оюун ухааныг “ядуу аав” гэж басамжилдаг байх нь! Рокфэллэр мөнгөний тулам болох бололцоог Бэнжамин Франклин сэтгэж байж буй болгосон нь мартагдах нь.

Орчин үеийн Солонгосыг “Самсунг”, Японыг “Сони”, Америкийг “Форд” босгож ирсэн нь үнэн. Тэд нийгмээ урагш чирж, бусдыгаа хооллож яваа нь ч үнэн. Гэхдээ энэ бол хөл, тархины зөв хослол. Эс болгонд цус хүрэлцэн очиж хүчилтөрөгчөөр хангадаг боловч энэ бүхнийг тархинаас зохицуулдаг. Мөнгийг үзэн яддаг дундад зууны сэхээтний үзэл нэг талын хэтрүүлэл боловч оюуныг басамжлах гэсэн өнөөгийн улаан нүдтэнгүүдийн увайгүй оролдлого үүнээс ч муухай огиудас хүрэм туйлшрал. Форэст Гамп тэрбум доллар олчиж чадсан боловч тэр хэзээ ч эрдэмтэн болж чадахгүй. Шоглоомтой нь луйварчин, хулгайч, зальхай амьтад бас мөнгөтэй болчиж чаддаг. Тэр дундаа хөндий тархиа хэтэвч болгочихсон, төлөвших яагаа ч үгүй манай хагас луйварчид хүндэтгэл хүлээхээсээ ой гутаана. Тэдэнтэй хөл толгой заавал залгагддаг тухай битгий хэл ердийн шудрага ёс, моралийн талаар ярилцаад ойлголцох уу? Нөгөө талаас өнөөгийн нээлттэй нийгэмд авъяас чадвар, нөр хөдөлмөрөөрөө мөнгөтэй болсон хүмүүсийг үзэн ядаж шүлс үсэргэгчид бол шударга үнэний илэрхийлэл биш, ажил хөдөлмөрөөр биеэ аваад явах чадваргүй дутуу төрсөн амитадын хий хорсол атаархал төдий.

Ингэхээр мөнгө эзэмшигч, оюун эзэмшигч хоёр тусдаа өөр ангилал юм. Өнөөгийн үйлдвэржсэн, соёлжсон, иргэншсэн, даяаршсан, зах зээлжсэн ертөнц мөнгө эзэмших бололцоог бараг бүх хүнд олгож байна. Харин оюун эзэмших эрхийг Бурхан тун ч харам тараадаг нь хэвээрээ шүү. Яагаад гэвэл...?!

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 4 цаг 49 мин АНУ Канадаас импортлох бараанд татвар ногдуулах хугацааг хойшлууллаа 4 цаг 57 мин Сэлэнгэ аймагт “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ 5 цаг 16 мин Д.Трамп: Украин АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломжтой 5 цаг 18 мин Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо 5 цаг 20 мин Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ 5 цаг 22 мин Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна 5 цаг 25 мин Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой 5 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн 5 цаг 59 мин Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь авна" гэх ёстой! 7 цаг 8 мин Биткоины ханш 100 мянган ам.доллароос буужээ 7 цаг 35 мин Японы томоохон компаниудын 80 хувь нь бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө 7 цаг 42 мин "Хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна 7 цаг 49 мин Арван аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна 8 цаг 3 мин “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж“ хэлэлцүүлэгт 100 гаруй тэмээчид оролцов 8 цаг 8 мин Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ 8 цаг 17 мин НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа 8 цаг 22 мин Гурван жил тутамд түүвэр судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина 8 цаг 26 мин Мөнгө тархийг орлодоггүй 8 цаг 31 мин Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 47 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Мөнгө тархийг орлодоггүй Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top