Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ оны хоёрдугаар сарын 2-нд уушгины хатгалгааны улмаас таалал төгссөн билээ. Түүнийг нас барсны дараа олон янзын таамаг, мэдээлэл цацагдсан тул талийгаачийн нөхөр DJ Koo өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийлээ.
DJ Koo: “Ши Юанийг тайван байлгаач”
DJ Koo мэдэгдэлдээ:
"2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр сахиусан тэнгэр шиг тэр минь тэнгэртээ буцав. Би үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууг даван туулж байна. Маш их шаналж, дотор минь ямар нэг зүйл салан унаж байгаа мэт мэдрэгдэж байна. Гэсэн хэдий ч энэ их уй гашууг ойлгож ч амжаагүй байхад зарим хүмүүс худал мэдээлэл тарааж, бидний зүрх сэтгэлийг улам бүр шархлуулж байна. Юанийг тайван байлгаач" гэжээ.
Түүний нас барсантай холбоотойгоор 83 сая ам.долларын өв хөрөнгийг хэн өв залгамжлах талаар олон таамаг гарч эхэлсэн.
Өв хөрөнгийг гэр бүл нь захиран зарцуулна
DJ Koo мөн Барби Сюгийн үлдээсэн хөрөнгийн талаар дараах байр суурийг илэрхийлсэн байна.
- "Түүний олж авсан бүх зүйл гэр бүлээ хамгаалахын тулд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бий болгосон. Тиймээс би хадам ээждээ эрх мэдлийг нь шилжүүлэх бодолтой байна."
- "Хүүхдүүдийн хувьцааны хувьд би тэднийг насанд хүрэх хүртэл хууль ёсны дагуу анхаарал тавьж, өмгөөлөгчтэй хамтран ажиллах болно."
- "Ши Юаний хайрлаж ирсэн гэр бүлийг хамгаалах нь миний эцсээ хүртэл хүлээх үүрэг гэж бодож байна."
Цогцсыг Японд чандарлаж, Тайваньд авчирчээ
Талийгаачийн гэр бүл болон DJ Koo хоёрдугаар сарын 5-нд Японы Ханеда нисэх онгоцны буудлаас Тайвань руу хөдөлж, 15:00 цагийн орчимд Тайпэй Соншан нисэх буудалд буусан байна. Түүний цогцсыг Японд чандарлан, ийнхүү эх оронд нь авчирчээ.
Барби Сюгийн гэнэтийн нас баралт Тайванийн олон нийтийг цочроож, түүний гэр бүл, ойр дотнынхонд эмгэнэл илэрхийлж байна.