Намын даргаа сонгож, эвлэлдэн нэгдэж чадсан одоогийн Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас өмнө ямар байлаа. Цацсан шагай шиг л тархай, бутархай байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Үнэндээ Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж хэлэхэд хүртэл итгэхгүй болтлоо тартагтаа тултал унасан.
Тэр үед монголчуудын хэлдгээр ёстой шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нэгэнтээ толхилцож, хувааж, салгаж болох бүх зүйлээ л хагалж буталсан даа. Энэ улаан хэрүүл, уйлаан майлаан дундаас Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдон гарч ирсэн. Тамга, гэрчилгээний хэрүүл дуусч, намын үйл ажиллагаа Лу.Гантөмөр гарч ирснээр албан ёсоор эхэлсэн.
Гэтэл түүнийг гарч ирснийх нь дараа дэмжсэн, дэмжээгүй бүгд л АН-ыг Лу. Гантөмөр нэгтгэж, эвлүүлж яагаад ч чадахгүй гэж халаглаж байсан нь саяхан. Ингэж халаглах гол шалтгаан нь Лу.Гантөмөр хүнийхээ хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч зөөлөн хүн учраас намын зодооныг зогсоож, эвлүүлж, бүр дэг журманд нь оруулж чадахгүй гэж үзсэнд байгаа юм. АН дахиад л бужигнаж байгаад УИХ-ын сонгуультай золгож, арга байхгүй “зөөлөн Лу”-тайгаа орцгоосон. Ингээд сонгууль ч болоод дууслаа.
Анхнаасаа намын даргаа голж сонгуульдсан АН-ынхнаас сонгуулийн дараа ч амжилттай оролцлоо гэж нэг ч хүн хэлээгүй. Үнэндээ бодит байдал дээр АН энэхүү сонгуульд маш амжилттай оролцсон гэдэг нь 400 гаруй мянган хүний саналаас тодорхой харагдана. Авсан саналаараа анхны 126 гишүүнтэй парламентад 42 суудал авсан. Парламентын энэ том бүлэг нэмээд Засгийн газрын найман гишүүнтэй болсон. Тийм гараанаас ийм амжилттай оролцсон Ардчилсан намын гавьяа хүссэн хүсээгүй намын дарга Лу.Гантөмөрт л оногдоно.
Энэ хүн ч гавьяаг хүсэхгүй байх. Харин дээрх гарсан амжилтаас улбаалсан эерэг нөлөөлөл Ардчилсан намын дархлааг дэмжих вакцин болж өгч байгаа нь уг намын хамгийн том ололт. Тэртэй тэргүй унасан ч, боссон ч дотроо зодоонтой, хэрүүлтэй явдаг АН-д энэ нөлөөлөл алсуураа эвлэлдэн бэхжих зам руу л чиглүүлнэ.
Нам гэж мартагдах шахсан АН өнөөдөр нам шиг нам болчихсон төрийн бодлогыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд тодорхойлоод явж байна. Гарсан амжилт нь Лу.Гантөмөр битгий хэл АН-ын өмнөөс дуугарчихсан учраас уг намын талаар сайн хэлэх хүмүүс өдөр ирэх тусам олширсоор байгаа нь үнэн. Ингээд бодоод үзэхэд Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой.
Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)