УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан гаргасан талаар мэдэгдлээ.
Түүний хэлснээр уг саналыг гаргах болсон үндэслэлүүд нь:
- Хүний эрх, эрх чөлөө алдагдсан
- Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэн, өвлийн морин уралдааныг үргэлжлүүлсэн
- Амь насаа алдсан иргэдийн нэр төрийг гутаах, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хязгаарлах байдал даамжирсан
- Шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, олон нийтийн итгэлийг алдагдуулсан
- Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээл боомилогдсон
- Хэт үрэлгэн төсөв нь инфляцийг хэт өсгөж, ядуурлыг бууруулах боломжгүй болгосон
- Татварын бодлого оновчгүй болж, татвар төлдөггүй хэсэг хождог тогтолцоо бүрдсэн
Ч.Лодойсамбуу энэ асуудлыг ардчилсан тогтолцоог хамгаалах, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр "УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр Монголын ардчилал, үнэт зүйлийн төлөө нэгдэх ёстой" хэмээн уриалж, Ж.Баярмаа гишүүн уг саналд нэгдэж буйгаа илэрхийлсэн тул одоогоор хоёр гишүүн уг саналыг дэмжээд байна гэв.
Мөн тэрбээр "Ерөнхий сайд өөрийгөө юу ч хийж болно гэж тооцож байна. Гэвч энэ боломжгүй гэдгийг тэр залуу нэг бүтэн ном уншсан бол мэдэж байх ёстой" хэмээн шүүмжилж, жагсаж болохгүй, утсаар ярьж болохгүй, хүнтэй уулзаж болохгүй нөхцөл бүрдээд байгааг онцлов.
Тэрээр сэтгүүлч байх үедээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дарамтад янз бүрээр өртөж байсан гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)