Латви, Литва, Эстони улс Европын Холбооны эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай холбогдож, Орос, Беларусийн БРЭЛЛ нэгдсэн системээс гарсан талаар Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа мэдэгдлээ.
“Балтийн орнуудын цахилгаан эрчим хүчний системийг Европын эх газрын сүлжээнд холбох ажил амжилттай дууслаа. Энэ бол түүхэн мөч бөгөөд бид эрчим хүчний хувьд бүрэн бие даасан боллоо. Улс төрийн дарамт шахалт дууссан” гэж тэрбээр онцолсон байна.
Энэ үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулсан хэвлэлийн хуралд Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис, Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевчс, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда нар оролцжээ.
Балтийн улсуудын Европын эрчим хүчний сүлжээнд холбогдох төсөлд 1,6 тэрбум евро зарцуулсан бөгөөд ажлыг төлөвлөсөн хугацаанаас 10 сарын өмнө Польшоор дамжуулан гүйцэтгэжээ.
Балтийн улсууд 2022 оны тавдугаар сараас хойш Орос, Беларусиас эрчим хүч худалдаж авахаа зогсоож, Европын сүлжээнд холбогдох бэлтгэл ажлаа эрчимжүүлсэн. Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд 2023 оны наймдугаар сард гарын үсэг зурсан байна.
Балтийн гурван улсаас өмнө Турк, Украин, Молдова Европын Холбооны эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нэгдэж байжээ.
Эх сурвалж: DW