Монгол, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 6-7-нд Ташкент хотноо болж, хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхимууд (ХАҮТ) Улаанбаатар болон Ташкент хотуудад худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газар байгуулах үүрэг хүлээлээ.
Хуралдаанд оролцогчид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, нөөц боломж, давуу талаа харилцан ашиглах, худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцсэн байна.
МҮХАҮТ-аас мэдээлснээр, энэ хуралдаан нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чухал алхам болж байна. Узбекистан нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтахын зэрэгцээ, далайд гарцгүй гэх мэт олон нийтлэг онцлогтой тул хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж буй юм.
Ташкент хотноо болсон уг хуралдаанд Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн, Шадар сайд, Монгол, Узбекистаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцжээ.