x

Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа

Өчигдөрхөн такси дуудаад хотын төв рүү гартал жолооч маань замын хагаст хүрэлгүй хөдөлгөөн багатай байсан эсрэг урсгал руу орсноор цагдаад бичиг баримтаа хураалгаж, эрхээ хасуулах юм болчихов. Хаа очиж хараал хэлээгүй боловч түнтийтлээ уурласан, арай гэж амаа жимийж явсан жолооч маань “таньдаг цагдаадаа хэлээд авчихна даа” хэмээн занаад цааш хөдлөв.

Цаг товчлох санаатай хүүхдийн ордны хойгуур баруун эргээд тасархай зураасаар буцаж эргээд гэрлэн дохион дээр нам гацлаа. Угаасаа гэрлэн дохио нь хөндлөн урсгалаа татахад маш бага цаг тавьсны дээр уулзвар дээр зохицуулж байгаа цагдаагийн алба хаагч өстэй юм шиг хоёр удаагийн ногоон гэрлийг өнгөрөөсний дараа арай гэж манай эгнээг татав. Гэрлэн дохион дээрээ хүртэл цагдаа зогсоож байгаад албаар гацаадаг нь манай хотын бараг соёл болсон зүйл л дээ.

Дашрамд дурдахад бидний хөдөлгөөнд оролцож байх тэр мөчид ямар ч дарга цэргийн цуваа өнгөрөөгүй, зүгээр л өдөр тутам, цаг тутамд хийдэг зохицуулалт нь ийм. Хэрвээ гэрлэн дохио нь хөдөлгөөнийхөө ачаалалтайгаа нийцэхгүй байгаа бол тэрийгээ л засчихаж болдоггүй юм байх даа... гэсэн шүү бодол, өдөр тутмын стрессээ тээсээр гэрийн зүг. Хүний гар оролцсон юм бүхэн нурж унаад, бие биедээ садаа тээр болоод байдгийн хамгийн ойрхон жишээ юм даа.

Аа тийм яаралтай ажлаа амжуулаад буцах болтол жолооч маань “бичиг баримтаа буцааж авахаар болчихлоо, буцаад нөгөө газраараа явна аа” гээд дахиад намайгаа чихдэв. Бараг л би буруутай янзтай болоод явчихсан учраас тохирсон хөлсөө бүтэн өгөхийн тулд бичиг баримт хураасан цагдааг эрж олохоор ирсэн замаараа буцахаас аргагүй болов. Ер нь бол такси унана гэдэг нийслэлийнхний хувьд нэлээд хатуу шалгуур, тэвчээр шаарддаг ажил л даа. Хажуугаар хоосон шахуу автобуснууд зөрөлдөх боловч тэдэнтэй хэзээ тааралдах нь бараг оньсого шахуу тул тааралдсан унаандаа гар өргөөд газар дөхөхөөс өөр замгүй.

Гэх мэтчилэн аар шаархан зүйл, хүн бүрийн өдөр бүр туулдаг өчүүхэн зүдгүүрээр үглэж яншсаны учир гэвэл өнгөрөгч бямба гаригт Засгийн газрын шуурхай дээр танилцуулсан нэгэн “нүд бүлтийж чих дэлгийлгэм” хэрнээ маньд тун ч ашигтай байж болох шинэ мэдээлэл, эерэг санаачилгын тухайд юм.

Уг шуурхай хуралдаан дээр нийслэл болон “Хорин минутын хот” үндэсний хорооноос санаачлан Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай” танилцуулсан. Асуудал нь ч, шийдэл нь ч тун энгийн. Ажил хийе гэвэл арга олддог гэдэг дээ. 

Тухайн өдрийн шуурхай дээр яригдсан уу, эсвэл өөр нөхцөл байдалд сонссон эсэхийг санахгүй байна. Товчхондоо нийслэлийн хэмжээнд туршилтаар тавигдаад буй 44 камерт сарын дотор 150 мянга гаруй замын хөдөлгөөний зөрчил илэрдэг гэсэн. Энэ бүх зөрчилд нэг бүрчлэн хариуцлага тооцогддог уу гэвэл үгүй. Учир нь одоо байгаа хуулиараа камерт бичигдэж байгаа зөрчлүүдийг баталгаажуулахын тулд заавал нэг эрх бүхий албан тушаалтан бичгээр баталгаажилт хийж байж торгууль бичигддэг. Нийслэлийн хэмжээнд ердөө 15 тооны /хотын дарга Х.Нямбаатар хэлчих шиг болсон/ эрх бүхий албан тушаалтан өдөр шөнөгүй ажиллаж байж энэ 150 мянган зөрчлийн ердөө 7000 дээр нь бичилт хийж баталгаажуулж амждаг. Энгийнээр хэлбэл “аз нь хаясан 7000”… Үлдсэн 143 мянга нь ямар ч хариуцлага хүлээхгүй, тэр байтугай зарим нь зөрчил гаргаж эсэхээ ч мэддэггүй, ажирдаггүй байх. Бэлчээртээ гарсан үхэр лугаа… гэдэг билүү.

Тиймээс замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Яг л борооны дараах мөөг лугаа… Сүүлд нийслэлийн гэрлэн дохио бүхий 176 уулзварт шинээр байршуулсан 2606 камерт өдөртөө 1 сая, сардаа 30 сая зөрчил бүртгэгдэж байгаа, тэдгээрийг баталгаажуулахад 3000 цагдаагийн алба хаагч нэгэн зэрэг ажиллах хэрэгтэй гэнэ. Тийм хүн хүч, хүний нөөц, илүүдээ гарсан зардал ч байхгүй учраас нөгөө “аз нь хаясан 7000” маань яг хэвээрээ…

Тэгэхээр түгжрэлийг үүсгэж байгаа нэг бодитой шалтгаан нь замын хөдөлгөөний зөрчил гэдгийг хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар, үйлчлүүлж байгаа иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм. Нийтээрээ хөдөлгөөний зөрчилгүй зорчоод сурчихвал тэр хэмжээгээр замын ачаалал, түгжрэл тодорхой хэмжээгээр (38 хувиар гэж тооцсон байдаг) буурах боломжтой. Яг ийм зорилгоор хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай ярьж эхлээд байгаа юм.

“Хиймэл оюун” гэж яриад байгаа энэ шинэ хэллэг маань үндсэндээ бидний өмнө мэддэг байсан “тооцоолон бодох машин” л гэсэн үг шүү дээ. Ор шинэ зүйл огтоос биш. Бэлэн байгаа өгөгдөл дээр суурилаад илүү үр дүнтэй хувилбарыг тооцоолж гаргана аа л гэсэн үг. Жишээлбэл, хөдөлгөөний ачааллаас шалтгаалаад уулзварууд дээр цагдаа зохицуулалт хийх биш, хөдөлгөөний удирдлагын төв өөрөө гэрлэн дохиогоо шилжүүлээд, хөдөлгөөний эрчим ихтэй урсгалуудаа татаад татаад явчихна аа л гэсэн үг. Наанадаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэгдэнэ, цаашлаад зохиомлоор түгжрэл үүсгэхээ болино. Аз нь хаясан 7000-ыг л түүвэрлээд торгоод байхгүй, дүрэм зөрчсөн бүхэн хариуцлагаа хүлээдэг болж, замын хөдөлгөөний соёлд суралцана даа.

Тэгэхээр ерөөсөө нэгэнт камерт бүртгэгдсэн зөрчлийг цагдаагийн алба хаагч баталгаажуулж байж хариуцлага тооцдогоо больё, ерөөсөө бүртгэгдсэн зөрчил болгон дээр хариуцлага тооцдог байя. Ингэж чадвал энэ төрлийн зөрчлийг бууруулна, ингэснээр зохиомлоор түгжрэл үүсгэхээ болино. Мэдээж ингэхийн тулд нэгдүгээрт технологийн нэлээд том шилжилт хийх хэрэгтэй болно, хоёрдугаарт холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Талархууштай нь нийслэлийн зүгээс нэгдүгээр ажлаа хийчихэж. Улаанбаатар хотын гэрлэн дохиотой 176 уулзварт 2606 камер суурилуулаад, бүгдийг нь бүх дүүргүүд дээрх дэд төвүүддээ болон нэгдсэн том төвдөө холбож бэлэн болгожээ. Үүн дээр нэмээд төв зам дагуу байрлах аж ахуй нэгжүүдийн камеруудыг нэгдсэн сүлжээнд холбочихвол ерөнхийдөө хөдөлгөөний хяналтыг бүрэн тавих боломжтой гэдэг тооцооллыг танилцуулж байна лээ. Харин хуулийн өөрчлөлтийн тухайд “Хорин минутын хот” Үндэсний хороо болон Р.Эрдэнэбүрэн сайд хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа гэлээ. Хамгийн наад зах нь Түгжрэлийг бууруулах тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж таарах байх л даа. Хүний оролцоогүйгээр их өгөгдөлд суурилан ухаалгаар замын хөдөлгөөнийг удирдах тухай цоо шинэ зүйлийг хууль эрх зүйн системд нэвтрүүлэх гэж байгаа болохоор дагалдаад арав гаруй хууль өөрчлөгдөнө гэсэн.

За тэгээд, өдөр тутам үйлдэгддэг гэж байгаа нэг сая зөрчлийг хиймэл оюунаар бүртгээд, баталгаажуулаад явбал тоймгүй юм болно оо. Иймд хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд бүртгэгдсэн зөрчлийн дагуу бодит хариуцлага тооцохгүй буюу мөнгөн торгууль тавихгүй гэсэн яриа чих дэлдийлгэв. Зөвхөн иргэнд өөрт нь “Та тэдэн сарын тэдэнд тэр зам дээр ийм зөрчил гаргасан байна” гэдэг мэдээллийг бүртгэлтэй гар утас болон И Монгол дээрх өөрийнх нь хаягаар илгээнэ гэнэ. Шинэ орчинд иргэдээ дасгах, шинэ соёлд суралцуулах, нэг ёсондоо “өршөөлийн хугацаа” зарлаж байгаа юм байна. Тэгвэл иргэн ч гэсэн өөрийнхөө гаргасан зөрчлийг бүртгээд, өөртөө учирч болох санхүүгийн эрсдлийг тооцоод явчихна. Тэгээд ирэх оноос жинхэнээсээ гаргасан зөрчил бүр дээр чинь хариуцлага тооцно шүү, тэр болтол та хөдөлгөөний зөрчил гаргалгүй хөдөлгөөнд оролцож суралцана уу гэдэг тийм л шаардлагыг тавих юм байна.

Гэхдээ энэ бол Засгийн газар, нийслэлийн түвшинд яригдаж буй санал, санаачилга. Хуулийн төсөл нь УИХ дээр орж ирээд, хэлэлцээд эхлэхээр эрхэм гишүүд, хууль тогтоогч нар маань нөгөө “өршөөлийн” хугацаан дээр ямар байр суурь илэрхийлэхийг бид таашгүй.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов 2 цаг 18 мин Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёсны мэдэгдэл хийв 2 цаг 21 мин Нөөцийн махны худалдаа эхэлж, явган хүний замын аюулгүй байдлыг сайжруулна 2 цаг 27 мин Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа 2 цаг 28 мин Менингококкт халдвараас сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө 2 цаг 31 мин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж амиа алдсан иргэдийн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна 2 цаг 56 мин Швейцар, Узбекистан хоёр улс Гульнара Каримовагаас хураагдсан 182 сая ам.долларыг буцаан шилжүүлэхээр тохиролцов 2 цаг 56 мин Хугацаатай картын ашиглалт 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоно 2 цаг 58 мин Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа 2 цаг 59 мин Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт 3 цаг 1 мин Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа 5 цаг 10 мин Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой 6 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж байна 7 цаг 19 мин Цагдаагийн байгууллага БГД-ийн 22-р хороонд гарсан хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийлээ 7 цаг 25 мин Мизүхара Иппэй: Бейсболын одын итгэлийг алдсан орчуулагчийн хэрэг 7 цаг 27 мин Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ 7 цаг 30 мин Онцгой байдлын байгууллага нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөлтэй хамтран ажиллана 7 цаг 32 мин Саарал чонын тоо толгойг зохицуулах чиглэлээр цахим хурал зохион байгуулав 7 цаг 33 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 7 цаг 36 мин Д.Трамп ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлиг гаргав 7 цаг 39 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ...
Top