Хятад улс Оросын талд байлдуулахаар Украин руу цэргээ илгээгээгүй, Хятад улсын удирдлага байлдааны ажиллагаанд оролцохгүй байхыг иргэдээсээ шаарддаг гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лин Зянь Хятадын цэргүүд Украинд олзлогдсон гэх мэдээлэлд тайлбар өгөхдөө мэдэгджээ.
"БНХАУ-ын засгийн газрын зүгээс, зэвсэгт мөргөлдөөний бүсээс хол байх, аливаа хэлбэрээр оролцохгүй байх, ялангуяа аль нэг талын цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж шаардсаар ирсэн" гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Украины сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
Линь Зянь нэмж хэлэхдээ, БНХАУ-ын Засгийн газар Донецк мужид Хятадын иргэд олзлогдсон гэх мэдээллийг шалгаж байгаа гэжээ.
Украины Зэвсэгт хүчний албан хаагчид Донецкийн фронтод Оросын цэргийн бүрэлдэхүүнд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолсон гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 8-нд мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, олзлогдсон хүмүүс Хятадын иргэн болохыг баталсан баримт бичгүүд олдсон байна. Зеленский олзлогдсон хүмүүсийн бичлэгийг нийтлээд, Оросын армийн бусад ангиудад байлдаж байгаа хятад иргэдийн талаарх мэдээлэл бидэнд бий гэж мэдэгдсэн хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэрбээр Украины Гадаад хэргийн сайдад “Бээжинтэй нэн даруй холбогдохыг” даалгажээ.
Украины дайнд Хятадын иргэд оролцсон байж болзошгүй тухай мэдээлэлд түгшиж байгаагаа АНУ-ын эрх баригчид илэрхийлжээ. "Хятад улс Украины эсрэг Оросын дайны гол дэмжигч хэвээр байна" гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Хятад улс Орос руу дайнд ашиглах давхар зориулалттай бүтээгдэхүүний 80 орчим хувийг нийлүүлж байгаа гэжээ.
Хятадын иргэд олзлогдсон тухай мэдээлэлд Оросын тал тайлбар өгөхөөс татгалзсан байна. "Энэ мэдээллийн талаар би ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй" гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгджээ.