Дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 мянга гаруй нохой, муур устгалд орж буй судалгаа байдаг. Энэ нь хүний хариуцлагагүй байдал, хяналтгүй үржүүлгийн сөрөг үр дагавар гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Энэ асуудлыг олон нийтэд таниулж, амьтдад ээлтэй, хайр энэрэлтэй орчинг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 12-нд зохион байгууллаа.
Өдөрлөгт хүүхдүүд болон насанд хүрэгчид үнэнч тэжээвэр амьтад болох муур, нохой, туулай, яст мэлхий зэргийг авч ирэн оролцсон бөгөөд тэдгээр амьтдын эрхийг хамгаалагч байгууллагууд, судлаачид идэвхтэй оролцлоо. Тухайлбал, “Адууны диваажин” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах, “Азтай савар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзул, Ц.Зориглон, мөн Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн амьтан судлаачид оролцож, санал бодлоо хуваалцсан юм.
Өдөрлөгийн үеэр дуучин Б.Маралжингоо, Мачо нар ая дуугаараа бяцхан найзууддаа мэндчилгээ дэвшүүлж, уриалга дэвшүүлэв. Зочид амьтанд хайртай байх нь хүүхдийн хүмүүжил, нийгмийн хандлагад хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг тухай байр сууриа илэрхийлсэн.
“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон “Хаягдсан, өвдөж зовсон амьтдыг аварч, эзэнтэй болгох, мөн амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барих зорилгоор спэй, засалгийн талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг бид хийдэг” хэмээн онцлов. Мөн тэрээр гэрийн тэжээвэр амьтанд зориулсан стандарт журам, тэжээгчдэд тавигдах шаардлага, хариуцлагын тухай хууль гаргах хэрэгцээг дурдаж, нийгмийн дэмжлэгийг хүссэн юм.
Хяналтгүй үржүүлэг, амьтанд хэрцгий хандах, устгах аргын талаар ч хэлэлцэж, илүү энэрэнгүй, үр дүнтэй шийдлийг нэвтрүүлэх шаардлага байгааг онцоллоо.
Эх сурвалж: НИТХ