Засгийн газрын ээлжит хуралдаанд Тавантолгой ДЦС-ын төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар тусгасан.
Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж, УДШ-ийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Тиймээс төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар