Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Н.Учрал:
-Төгрөг нуурын орд Х.Баттулгатай хамааралтай талаар би өмнө мэдээлсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар хийх долоо хоногийн хугацаа өгсөн. Гэтэл бидэнд Төгрөг нуурын орд өөрт нь хамааралтай эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна.
2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг болохыг нотолсон баримт байна. Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа шилжүүлж, үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан болохыг нотолж байна. Хонконгын бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно..
ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА
Сангийн сайд Б.Жавхлан:
-Нэгдүгээр улирлын экспортын мэдээ эцэслэж гарлаа. Ямартай ч өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдэж гарсан. Нэгдүгээр сард 200 сая ам.доллар, хоёрдугаар сард 248 сая ам.доллар, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт тус тус хийлээ. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Ирэх долоо хоногуудад экспортыг нэмэгдүүлэхдээ боомт руу чиглэсэн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн гэсэн гурван боомтоор гол экспортууд явж байгаа. Үүн дээр Булган, Бичигт орно. Боомт бүрт нөхцөл байдал өөр, өөр байна. Гашуунсухайт- Ганц мод боомт бол биржээс 100 хувь хамааралтай. Тэгэхээр биржээр арилжаа олигтой нэмэгдэхгүй байна. Боомтууд дээр овоорсон овоолгоос шалтгаалж байна. Өмнө нь нүүрс худалдан авсан худалдан авагч нар алдагдалд орж, нүүрсний үнэ унаснаас үүдэж цаашаа дахин гаргах боломжгүй байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Боомтууд дээр дотоодын хөрөнгө оруулагч нар эзэмшдэг нүүрсний уурхай нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд цаашид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхийн тулд НӨАТ, АМНАТ-тай холбоотой өртгийг бууруулах тал дээр анхаарахыг хүсч байгаа. Мөн төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа. Энэ ч утгаараа төмөр замын тарифыг авто тээврийн үнэ хөлснөөс бага байх, дахин өртгийг бууруулах шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн яаманд өглөө.
Орон нутаг, ялангуяа говийн аймгуудад экспортын замуудыг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ нь экспортод нөлөөлж байна. Биетээр экспортолж чадахгүй, хориг үүссэн овоолгууд байна. Өөрөөр хэлбэл, 30-60 сая төгрөгийн экспортын овоолгууд түгжигдсэн үйлдвэрүүд байна. Уг асуудлыг мөн шалгаж, шийдвэрлэнэ.