2023 онд дэлхий даяар нийт 10.8 сая хүн сүрьеэгээр өвчилж, тэдний 1.3 сая нь хүүхдүүд байсан нь энэ өвчин хүүхдийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж буйг илтгэж байна. Монгол Улсад хүн амын гуравны нэгийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд жилийн дунджаар 3000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн 6–7 хувийг хүүхдүүд эзэлж байна.
Сүүлийн таван жилийн судалгаагаар хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь буурсан ч хурц тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрүүдээр 33 хүүхэд өвчилж, сорвит хөндийт сүрьеэ бүртгэгдсэн нь хяналт, илрүүлэлтийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Иймд хүүхэд, өсвөр насанд тохиолдож буй сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоог сайжруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн эмч нар хамрагдсан байна.
Эрүүл мэндийн салбарынхан сургалтаар дамжуулан:
-
Хүүхдийн сүрьеэгийн эрт илрүүлэлт, шинж тэмдэг таних чадамжийг нэмэгдүүлэх,
-
Сургуулийн эмч нарт сүрьеэгийн талаарх мэдлэг олгох,
-
Сэргийлэлт, хяналт, чиглэл өгөх, мэдээллийн урсгалыг сайжруулах зорилт тавьжээ.
Эх сурвалж: ХӨСҮТ