Тэнгэрийн ван гаргийн нэг өдөр өмнө тооцоолж байснаас 28 секундээр уртассан болохыг “Хаббл” сансрын дурангаар хийсэн арван жилийн ажиглалтын үр дүнд тогтоосон талаар “Nature Astronomy” сэтгүүлд мэдээлжээ.
1980-аад онд НАСА-гийн “Вояжер-2” хөлөг тус гарагийн тэнхлэгийн эргэлтийг 17 цаг 14 минут 24 секунд гэж тооцоолж байсан бол “Хаббл” дурангийн нарийвчилсан ажиглалтаар уг хугацаа 17 цаг 14 минут 52 секунд болох нь батлагджээ. Энэ нь соронзон орон, туйлын туяаг ашиглан тэнхлэгийн эргэлтийг нарийвчлан хэмжих шинэ арга зүй хөгжиж байгааг илтгэж байна.
Судалгааг удирдсан Парисын одон орон судлалын төвийн судлаач Лоран Лами “Хаббл”-аар тасралтгүй хийсэн ажиглалт нь гаригийн туйлын туяа, соронзон давхаргын өөрчлөлтийг хэмжих, тэнхлэгийн эргэлтийн цагийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлжээ.
Тэнгэрийн ван бол Нарны аймгийн долоо дахь гариг бөгөөд Нарыг нэг бүтэн тойроход ойролцоогоор 84 Дэлхийн жил зарцуулдаг. Энэхүү шинэ нээлт нь цаашид соронзон оронтой, туйлын туяатай бусад гарагуудын эргэлтийн онцлогийг илүү нарийвчлалтай тогтооход түлхэц болох аж.
Сонирхуулахад, уг нээлт нь “Хаббл” сансрын дуранг тойрог замд хөөргөсний 35 жилийн ой тохиохоос өмнөхөн хийгдсэн юм. Энэхүү дуранг 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд НАСА-гийн “Discovery” сансрын хөлгөөр тойрог замд гаргаж байв.
Эх сурвалж: Nature Astronomy.