Германд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиас хойш зургаан долоо хоногийн дараа Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) болон Социал демократ нам (SPD) эвслийн засгийн газар байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.
RTL, ntv сувгууд болон Focus сэтгүүлийн цахим хэвлэлд дурдсанаар, өчигдөр орой болсон зөвхөн намуудын дээд удирдлагууд оролцсон хаалттай уулзалтаар эвслийн гэрээ байгуулах шийдвэрийг гаргажээ. Одоо зөвхөн нарийн зохицуулалт, сайд нарын хуваарилалт үлдсэн бөгөөд энэ талаар өнөөдөр Берлиний цагаар 12:00-д албан ёсоор мэдээлэх хүлээлттэй байна.
Парламентын бүлгүүдийн хуралдаан өнөөдөр товлогдсон бөгөөд сайд нарын албан тушаалыг намуудын дунд нэг шөнийн дотор хуваарилах шаардлагатай байгаа аж. Энэ нь АНУ-тай үүссэн гаалийн маргаан, хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотойгоор хэлэлцээ түргэссэн гэж хэвлэлүүд онцолжээ.
CDU намын дарга Фридрих Мерц өмнө нь “Улаан өндөгний баяраас өмнө эвслийн засгийн газар байгуулна” хэмээн мэдэгдэж байсан бол одоо түүнийг тавдугаар сарын 6-нд Канцлерын албан тушаалд томилохоор товлоод байна.
Ингэснээр Германд төв баримтлалтай шинэ эвслийн засгийн газар бүрдэх хүлээлт бодит байдал болох шатандаа оржээ.
Эх сурвалж: RTL, ntv, Focus.