Олон улсын дугуйн холбооноос нийтэлсэн шинэчилсэн чансаагаар Монгол Улсын эрэгтэй элит дугуйн баг 1047.1 оноогоор дэлхийд 37 дугаарт бичигдэж, өмнөхөөс гурван байр урагшиллаа. Энэ амжилтаараа БНХАУ-ын багийг гүйцэж, Ази тивдээ гуравдугаарт эрэмбэлэгдэх болов.
Ази тивийн чансаанд:
-
Казахстан – 27 дугаар байр,
-
Япон – 33 дугаар байр,
-
Монгол – 37 дугаар байр,
-
Тайланд – 39 дүгээр байр,
-
БНХАУ – 40 дүгээр байраар тус тус жагслаа.
Энэ нь Монголын дугуйн баг шинэ он гарснаас хойших хамгийн өндөр чансаанд хүрч буй амжилт бөгөөд Ази тивийн “топ 3” багийн нэг болсноор олон улсын тэмцээнүүдэд илүү өрсөлдөх чадвартай, эрх олголтын хувьд чухал давуу тал олж авсан байна.
Харин дэлхийн чансааны эхний байруудад тогтвортой тэргүүлэгчид давамгайлсан хэвээр байна:
-
Бельги – 20424.7 оноо
-
Словен – 17070.1 оноо
-
Испани – 15724.4 оноо
Хөдөлгөөнтэй өөрчлөлтүүдээс дурдвал:
-
Итали – зургаагаас дөрөвдүгээрт,
-
Нидерланд – долоогоос тавдугаарт шилжив,
-
Харин Дани – тавдугаарт байсан ч зургаад буурч,
-
Франц – дөрвөөс долоо руу ухарсан байна.
Монголын багийн чансаа ийн өссөн нь тамирчдын сүүлийн саруудад оролцсон олон улсын тэмцээнүүдийн байр эзэлсэн амжилт, тогтвортой оролцоо зэргээс хамаарч байгаа бөгөөд цаашид Олимп, Азийн наадам зэрэг томоохон тэмцээний өмнөх чухал ахиц хэмээн үнэлэгдэж байна.
Эх сурвалж: Олон улсын дугуйн холбоо (UCI).