АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын бүх бараанд татвар ногдуулах бодлогоо хэрэгжүүлж эхэлснээр, Хятадын бараанд 104 хувийн гаалийн тариф шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Хятадтай хязгаарлагдахгүй бөгөөд ойрын хугацаанд Өмнөд Солонгос, Япон зэрэг худалдааны гол түншүүдтэй яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж буйг мөн илэрхийлсэн байна.
Гэвч энэ мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд хүчтэй уналт ажиглагдаж эхэллээ. S&P 500 индекс сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа 5000 нэгжээс доош бууж хаагдсан бөгөөд уг индекс хоёрдугаар сарын 19-нд дээд цэгт хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 18.9 хувиар унаад байна. Зөвхөн өнгөрсөн дөрвөн хоногт S&P 500 багцад багтдаг компаниудын нийт үнэлгээ 5.8 их наяд ам.доллараар унасан нь 1950-иад оноос хойш бүртгэгдсэн хамгийн том богино хугацааны уналтад тооцогдож байна.
Энэхүү өргөн хүрээтэй тарифын бодлогын дарамт нь дэлхийн санхүүгийн зах зээлд ч сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ. Өнөө өглөө Японы Nikkei индекс унасан бол Азийн бусад томоохон индексүүд ч мөн унаж эхэлсэн төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Европын хөрөнгө оруулагчид Трампын бодлогоос үүдэн худалдааны маргаан эрчимжихээс болгоомжилж буйг шинжээчид онцолж байна.
Трампын засаг захиргаа дэлхийн худалдаанд шударга бус нөхцөл үүсгэж буй тарифын бус саад, татаасыг бууруулах, гадаадын зах зээлд АНУ-ын компаниудын нэвтрэлтийг хөнгөвчлөх зорилгоор хэлэлцээ хийх сонирхлоо илэрхийлж байгаа ч, шууд өндөр тариф оноох бодлого нь санхүүгийн тогтворгүй байдал, хөрөнгө оруулалтын эрсдэл, инфляцын дарамт үүсгэх хандлагатай байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters.