Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.03.18) болж, салбарын бүтээн байгуулалтын ажлууд, хяналт шалгалтыг эрчимжүүлэх болон анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлаар зам засвар, хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын төлбөр, төмөр замын удирдлага, агаарын тээврийн үйлчилгээ зэрэг сэдвүүдийг хөндөн, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Зам засвар, хөдөлгөөний аюулгүй байдал
- 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аймаг, орон нутгийн зам засварын ажлууд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн түр зорчих замын маршрутыг зохицуулж, олон салаа зам гаргах явдлыг хязгаарлах шаардлагатайг анхаарууллаа.
- Хаврын хуурайшилт ихтэй үед олон салаа зам гаргах нь ой, хээрийн түймэр гарах, малын бэлчээр талхлах, гол усны голдрилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул хяналтыг чангатгах үүрэг өгсөн байна.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын хэсэг орон нутагт хууль, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, гэрэл шилжүүлээгүй жолооч нарт хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Авто замын төлбөр, төмөр замын хяналт
- Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулж буйтай холбоотойгоор зарим цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураалтын үйл явцыг хянахыг үүрэг болгов.
- Төмөр замын салбарт төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хянах, аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд ажиллах шаардлагатайг онцолжээ. Тухайлбал, "Монголын төмөр зам", "Тавантолгой төмөр зам" компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагаанд хяналт тавихыг холбогдох албанд даалгалаа.
Агаарын тээвэр, аялал жуулчлалын үйлчилгээ
- “Монголд зочлох жил”-ийн хүрээнд агаарын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг үүрэг болгож,
- МИАТ ТӨХК-д үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангаж ажиллах шаардлагатайг дахин санууллаа.
Хурлаар хэлэлцсэн дээрх асуудлуудын хэрэгжилтэд салбарын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авах үүрэг өгөгджээ.
Сэтгэгдэл (1)