Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян өрнөж байна. Энэхүү аяныг НЗДТГ-аас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний замын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлжээ.
Аяны хүрээнд Баянгол дүүрэгт мэргэжлийн 10 гаруй байгууллагын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, "Таван шарын уулзвараас Баруун 4 зам" хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд
- Гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх
- Зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) байрлуулах
- Явган хүний зам дээр зөвшөөрөлгүй газар ухах, зорчих хэсгийг эвдэх
Баянгол дүүргийн менежер Ж.Баатар энэ талаар ярихдаа, тус дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрдөг тул зам талбайд худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах зөрчил их гардаг гэдгийг онцоллоо. Тэрбээр “Өнгөрсөн онд энэ төрлийн зөрчлүүдийг арилгуулж, нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг шилжүүлсэн. Гэвч дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ дахин байршуулсан зөрчил илэрсэн тул шат дараатай арга хэмжээ авч байна” гэв.