УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын урилгаар өнөөдөр тус улсыг зорилоо.
Айлчлал 2025 оны гуравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Их Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдэж мордуулжээ.
Айлчлалын ач холбогдол
- Монгол, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын харилцааг өргөжүүлэх
- Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх
- Өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хийгдэж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.