Пабло Пикассо ХХ зууны хамгийн нөлөөтэй зураачдын нэг байсан бөгөөд түүний уран бүтээл олон урсгал, хэв маягийг дамжин хөгжиж ирсэн билээ. Түүний стилийг ойлгохын тулд "Бөмбөлөг дээр зогсож байгаа охин" (1905), "Авиньоны бүсгүйчүүд" (1907), "Герника" (1937) гэсэн гурван алдартай бүтээлийг онцлон авч үзье.
"Бөмбөлөг дээр зогсож байгаа охин" (1905)
Пикассо 1904 онд Парист суурьшсаныхаа дараа циркчидтэй ойр дотно харилцаатай болж, циркийн жүжигчдийн амьдрал, хөдөлгөөнийг уран бүтээлдээ тусгаж эхэлжээ. Тэрээр Парисын алдарт Медрано циркт байнга очдог байсан бөгөөд циркийн алиалагчид, акробатчдын амьдралыг харуулсан бүтээлүүд туурвиж байв.
Энэхүү зураг нь циркийн жүжигчин охин бөмбөлөг дээр зогсож байгаа дүрслэлтэй бөгөөд түүнийг ахлах акробатчин ажиглан сууж буйгаар дүрсэлсэн. Рентген шинжилгээгээр зураач анхны хувилбарыг хэд хэдэн удаа өөрчилж байсан нь тогтоогджээ. Эцэст нь тэр "Акробатын гэр бүл" хэмээх өөр зурагт анхны дүрүүдийн заримыг тусган өөрчлөн зурсан байна.
"Авиньоны бүсгүйчүүд" (1907)
Энэхүү бүтээл Пикассогийн уламжлалт дүрслэлээс татгалзаж, шинэ эрэлхийлэлд орсны илэрхийлэл байв. Тухайн үед зургийг үзсэн Анри Матисс "доромжлол" мэт хүлээн авч, бусад зураачид ч шүүмжилж байжээ.
Энэ зураг нь Африк, Иберийн урлагийн нөлөөг шингээж, хүний биеийг геометрийн хэлбэрт хэтрүүлэн дүрсэлсэн байдаг. Энэхүү бүтээл нь хожим кубизм урсгалын эхлэл болсон гэж үздэг.
"Герника" (1937)
1937 оны дөрөвдүгээр сарын 26-нд Испанийн иргэний дайны үеэр нацист Герман, Италийн агаарын хүчин Баскийн Герника хотыг бөмбөгдөж, олон мянган хүн амиа алдсан юм. Энэ эмгэнэлт үйл явдал Пикассогийн уран бүтээлд гүнзгий нөлөөлж, тэрээр Испанийн павильоны захиалгат зургийн сэдвээ өөрчилж энэхүү алдарт бүтээлээ туурвисан.
"Герника" нь дайны харгислал, энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг харуулсан бөгөөд хар, цагаан, саарал өнгийн ноцтой зохиомжтой. Тус бүтээл хожим дайн эсэргүүцэгч урлагийн хамгийн алдартай бэлгэдэл болсон юм.
Эх сурвалж: Vokrug Sveta