УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.
-Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон 11 хүний нас, хүйс нь нийгмийг төлөөлж чадахгүй гэж харагдаж байна. Манай улсын нийт иргэний 51 хувь нь эмэгтэй байхад тэднийг төлөөлөх хүн алга. Үүнд тайлбар өгнө үү?
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд 163 хүн нэрээ дэвшүүлсэн. Үүнээс 30 орчим хүнийг хуулийн шаардлага хангахгүй, хугацаа хэтэрсэн үндэслэлээр хассан.
Ажлын хэсгийн найман гишүүн үлдсэн 133 нэрсэд нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан эдгээр 11 хүнийг сонгосон.
Уг нь 32 эмэгтэй нэрээ дэвшүүлсэн байсан ч нууц санал хураалтаар олон санал аваагүй.
Ирэх долоо хоногт хяналтын зөвлөл байгуулна. Үүнд Зөвлөлдөх зөвлөлд нэрээ дэвшүүлсэн 32 эмэгтэйгээс түлхүү оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Энэ 11 хүнд ямар нэг эрх мэдэл байхгүй, зөвхөн зохион байгуулах үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Нийгмийн бүх давхаргын төлөөлөл нь Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад орно. Ингэхдээ нас, хүйс, амьдралын түвшин зэргийг оновчтой төлөөлөх иргэдийг ШУ-ны аргачлалаар тодорхой болгох юм.
Зөвлөлдөх зөвлөл нь улс даяар санал асуулга явуулах ажлыг зохион байгуулах бол хяналтын зөвлөл нь хяналтаа тавиад явна. Харин иргэн Ц.Оюунгэрэлийг Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга гэдэг үндэслэлээр, зарим эмэгтэйн материал хангалтгүй байсан учраас хассан.