Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Төрийн хэмжээний дуулиантай томоохон гэмт хэрэг, үйлдлүүд нь гараад ирэхээр ямар нэг байдлаар олон нийтийн анхаарлыг сарниулж, зориуд зохиомол сенсац бий болгон, эрх баригчид гаргаж байгаа алдаа завхралаа хамгаалах, хаацайлах арга туршлагаа гаргууд эзэмшсэн нь харагдаж байна. Үүний тод жишээ бол нүүрсний хулгай гэж яригдаад буй гэмт хэргийн асуудал.
Монгол Улс төртэй юм бол газрын хэвлийн баялаг болсон нүүрс ямар үнээр, хэдий цаг хугацаанд, хаана тээвэрлэгдэж очсон бэ, гаргасан этгээдүүд нь хэн бэ гээд бүгд тодорхой байх ёстой. Ачаа бараа, тээвэр бүгд бүртгэлтэй байх ёстой. Гэтэл бүртгэлгүй гаргасан эрх мэдэлтнүүд хэн байв гэдгийг одоо болтол зарлаагүй. Тодорхой тооны хэдэн хүний нэр хэлээд, гол эзэд нь ард нь нуугдаад, гэм буруугийн ямар ч хариуцлага хүлээлгүй, олон түмэнд мартагдуулах бүх ажлыг зохион байгуулалттай хийж байна.
Тэр бүү хэл, гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүс өнөөдөр нүүрсний ордыг ард түмэнд хувьчлах тухай хууль санаачлаад явж байгаа. Энэ бол гэмт хэргээ нуух гэсэн, гэмт хэргээс нэр төрөө хамгаалах гэсэн оролдлого. Нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүд нам харгалзахгүйгээр хууль, хяналтын байгууллагад шалгуулах ёстой.
Эрдэнэс Тавантолгойн ордын нөөцийг улс төрийн нам, аль нэг компани хамгаалах, арвижуулах, зөв зүйтэй, шударгаар борлуулах зэргийг гүйцэтгэж чадахгүй нь харагдаж байна. Хамгийн шударга зарчим бол Эрдэнэс Тавантолгойн ордын нийт нөөцийг 100 хувь ямар нэг болзолгүйгээр нийт иргэнд хувьчлах асуудлыг яаралтай шийдэх ёстой. Энэ асуудал дээр УИХ дахь гишүүдээрээ дамжуулж, ордын нүүрсний нөөцийг иргэддээ 100 хувь хувьчлах хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн" гэлээ.