Монголчууд эрт дээр үеэс жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-ноос буюу маргаашаас эхэлж өвлийн цаг агаарыг 81 буюу “Есөн ес” хоногоор хүйтний эрч болон цаг агаарын шинж байдлыг ангилан тоолж эхэлдэг уламжлалтай.
Өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурван ес гэж хуваадаг. Монголчууд нэг есөөс эхлэн есөн ес хоногт хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд, улмаар зөөлөрч хавартай золгодог хэмээн цаг агаар, уур амьсгалыг шинжиж ирсэн бөгөөд орчин цагийн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулахаас өмнө монголчуудын уламжлалт арга ухаан юм. Ес эхэлдэг энэ өдөр буюу 12 дугаар сарын 22-нд бүтэн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог.