Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, нийт 1500 орчим зураглал боловсруулсан байна.
Төслийн хүрээнд боловсруулсан "Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ"-г олон нийтэд танилцууллаа.
Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай-цаг хугацааны динамикийг тодорхойлогч гол хүчин зүйл нь ойн түймэр юм. Судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртдөг бөгөөд жил бүр 80-100 удаагийн түймэр ихэвчлэн 3-6 дугаар сард гарч байна.
Хээрийн түймрийн нөлөө
- Эдийн засаг, экологид ихээхэн хохирол учруулдаг.
- Бэлчээрийн ашиглалтад сөргөөр нөлөөлдөг.
- Ялзарсан өвс, бут сөөг шатах улмаар хөрсний чанар муудаж, элэгдэлд ордог.
Тал хээрийн түймрийн шалтгааныг дараах 3 үндсэн ангилалд хуваадаг:
- Байгалийн хүчин зүйлс
- Хүний санаатай үйл ажиллагаа
- Санамсар болгоомжгүй үйл ажиллагаа
Ой, хээрийн түймэрт өртөх эрсдэлийг бууруулахын тулд хамгаалалтын арга хэмжээг сайжруулах, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: ОБЕГ