Стратеги судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Г.Базарвааньтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх өдрүүдэд БНПУ-д төрийн айлчлал хийнэ. Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улсын харилцааны түүхэн замналаас эхлээд сонирхуулахгүй юу?
-БНПУ бол манай гуравдагч хөрш. Хоёр туйлт систем, хүйтэн дайны үед ч социалист лагерийн манай “гуравдагч хөрш” байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, БНПУ-ын тусламжаар Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр, хөнгөн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, спиртийн үйлдвэр, нэхээсгүй эдлэлийн үйлдвэр зэргийг барьж, байгуулсан байдаг.
Түүхийн эх сурвалжаас үзэхэд, Ромын Папын элч Жиованни да Пиан дел Карпинитай хамт Польшийн санваартан Бенедикт Полак 1246 онд Хар Хорумд ирж, Их Хаан Гүегт бараалхаж байсан байдаг. Тэрээр энэхүү аяллынхаа талаар 1247 онд “Францискийн лам нар Тартарууд руу аялсан нь” (лат. De Itinere Fratrum Minorum ad Tartaros) тэмдэглэл үлдээсэн байдаг. Бенедикт Полакийн тэмдэглэл Монголын Эзэнт гүрний тухай болон Их хааны Ромын Папад илгээсэн захидлыг оруулснаараа түүхэн ач холбогдолтой эх сурвалж болдог. Орчин цагийн харилцааг авч үзвэл хоёр улсын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоож, эдгээр өдрүүдэд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж байна. Эл хугацаанд талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон чиглэлд хамтран ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Аливаа хоёр улсын харилцаа өргөжихөд улс төрийн итгэлцэл нэн чухал байдаг. Хоёр жилийн өмнө буюу 2023 онд БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцс
Энэ үеэр эдийн засаг, дэд бүтэц, боловсролын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон чухал хэлэлцээр хийсэн. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийх төрийн айлчлал энэхүү идэвхтэй улс төрийн харилцааг үргэлжлүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх чухал үйл явдал болно хэмээн дүгнэж байна.
Эдгээр айлчлал хоёр улсын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болох юм.
-Та сая улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг салбарт харилцаж ирсэн хэмээн онцоллоо. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Өмнө нь дурдсанчлан БНПУ манай чухал “Гуравдагч хөрш”, түншийн нэг. Түүнчлэн Европын Холбоо болон тус бүс нутгийн интеграцид Монгол Улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Польшийн үүрэг, дэмжлэг чухал ач холбогдолтой. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Гэхдээ энэ нь хамтын ажиллагааг дурдсан салбараар хязгаарлана гэсэн үг огт биш. Бид хоёр талын хамтын ажиллагааг эдгээр салбарт суурилж хөгжүүлэхийн зэрэгцээ бүхий л салбарт, бүхий л түвшний хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой. Энэ бол манай бүрэн эрхт байдлын асуудал мөн. Үүнийг Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” хэмээн тодотгосон байдаг.
БНПУ дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Европын Холбооны зургаа дахь том, өндөр орлоготой хөгжиж буй зах зээл. Тус улсын эдийн засгийг хямралд тэсвэртэй, аж үйлдвэрлэлийн чадавхтай, дотоодын томоохон зах зээлтэй хэмээн тодорхойлдог. Польшийн эдийн засаг, ДНБ-ий нэмүү өртгийн 65 орчим хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг төдийгүй ажиллах хүчний хамгийн их хувийг ажиллуулдаг. Аж үйлдвэрийн салбар нь ДНБ-ий 34.2 орчим хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 36 хувийг ажиллуулдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбар 3.9 хувийг бүрдүүлж байна. Ийм төрөлжилт тус улсын эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг. Мөн нэрлэсэн ДНБ-ээр 2025 онд дэлхийд 21 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй.
Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байна. Худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны байдлаар 50 гаруй сая ам.долларт хүрсэн. Монгол Улс Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий схемд хамрагдсан байдаг. Үүгээр Монгол Улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны гишүүн улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой байдаг. Гэвч энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадахгүй хэвээр байна. Үүний хамгийн том саад бол дэд бүтэц, тээвэр логистикийн асуудал. Өрнө-Дорныг холбох агаар-хуурай замын магистрал сүлжээний төв болох “Монгол мөрөөдөл” хөрш орнууд болон “Гуравдагч хөрш”-үүдийн геополитикийн сөргөлдөөн болон стратегийн өрсөлдөөний талбарт замхарч, манай холболтын үүд хаалгыг хаахад хүрч болзошгүй байна. Энэ нь ЕХ-ны гишүүн улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн бэрхшээлтэй болгох хүчин зүйл юм.
Монгол Улс далайд гарцгүй газарзүй, далайн боомтуудаас хол зайд оршдог тул экспортын орлогынхоо өндөр хувийг тээвэрлэлтэд зарцуулахад хүргэж байгаа. Энэ нь дэлхийд өрсөлдөх манай экспортын чадавхыг хязгаарлах үндсэн шалтгаан төдийгүй худалдааны түншээ сонгож, харилцахад хөрш улсууд хатуу хязгаарлалт тавьж ирсэнтэй мөн холбоотой. Түүнчлэн өмнө дурдсан хөрш болон “Гуравдагч хөрш”-үүдийн сөргөлдөөн Өрнө-Дорныг холбох тээврийн сүлжээ геополитикийн мөргөлдөөнтэй энэ үед улам бүдгэрч болзошгүй байна.
Мөн гаалийн зохицуулалт, бараа, бүтээгдэхүүний стандартын асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх явдал манай эдийн засаг, хамтын ажиллагаанд нэн чухал. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн асуудлыг дан ганц дэд бүтцийн холболтоор хязгаарлах нь учир дутагдалтай. Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өөр нэг суваг бол хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, технологийг нутагшуулах боломж бий. Энэ талаарх манай эрх зүйн орчинд багагүй ахиц гарч байгаа гэж харж байна. Үүнийг улам сайжруулж, хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгож болно хэмээн бодож байна.
-Польшийн эдийн засгийн чадавх Монголын эдийн засагт ач холбогдолтой байх боломж бий юу?
-Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр түвшний айлчлал нэн чухал байдаг. Иймд энэ удаагийн айлчлалаар Польшийн хөрөнгө оруулалт, технологийг татах, үйлчилгээний салбарын ололтыг нэвтрүүлэх, соёл боловсролын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарах байх. БНПУ Европын Холбооны хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай улсын нэг. Дэвшилтэт технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт өндөр хөгжсөн. Түүнчлэн хөдөө аж ахуйн машин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт хүчирхэг тул Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт орчин үеийн технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой. Монголын хувьд Польшийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбар дахь туршлагыг ашиглах явдал чухал ач холбогдолтой. Мөн Польшийн хөрөнгө оруулагчид Монголын уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Товчдоо Польшийн эдийн засгийн хөгжил, технологийн дэвшил, Европын Холбоонд эзлэх байр суурьд тулгуурлаж худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.
-Улс төрийн харилцааны хувьд Монгол, Польшийн хамтын ажиллагааны гол чиглэлүүд юу вэ?
-Улс төрийн харилцааны хувьд Монгол, Польш олон улсын тавцанд ижил төстэй зарчим баримталж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэдэг. Хоёр улс НҮБ, ЕАБХАБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс Европын Холбоотой харилцаагаа өргөжүүлэхэд Польшийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Учир нь энэ оны нэгдүгээр сараас тус улс ЕХ-ны Зөвлөлийг даргална. БНПУ Зөвлөлийг даргалах хугацаандаа “Хүчирхэг, аюулгүй; цэцэглэн хөгжсөн, өрсөлдөх чадвартай; эрх чөлөөт, нээлттэй, ардчилсан Европ”-ыг цогцлоох зорилтыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Монгол Улс Польшийн улс төрийн дэмжлэгтэйгээр ЕХ-ны санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг эрэлхийлэх нь зөв. БНПУ болон ЕХ-той “стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх манай “Гуравдагч хөрш”-ийн бодлогод эдүгээ нэн чухал байна. Иймд цаашид хоёр улс илүү идэвхтэй хамтран ажиллаж, харилцаагаа стратегийн түвшинд гаргах нь чухал.
-Ирээдүйд Монгол, Польшийн харилцаа хэрхэн өргөжих боломжтой гэж та бодож байна вэ?
-Ойрын жилүүдэд хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжиж, Польшийн компаниуд Монголд илүү их хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд онцгой анхаарах нь зөв. Мөн соёл, боловсролын салбарт илүү ойртож, технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллах боломж улам бүр нэмэгдэж байна хэмээн бодож байна.
Өдрийн сонин