Булган аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 12-13-ны шилжих шөнө 02 цагийн орчимд ноцтой зам тээврийн осол гарчээ. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллээр Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км-т хоёр автомашин мөргөлдөж, улмаар шатсан байна.
Урьдчилсан байдлаар ослын улмаас хоёр тээврийн хэрэгслийн нэгийг жолоодож явсан Б, нөгөө тээврийн хэрэгслийн жолооч Т болон гурван зорчигчийн амь нас хохирсон гэх мэдээлэл байна. Ослыг Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хурдаа тохируулах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодохгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т зааснаар эсрэг урсгал сөрөхийг хориглодог тул жолооч нар дүрмийг чанд мөрдөх шаардлагатайг сануулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар