Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй АДАПТ төслийн хүрээнд малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрийн хооронд урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 11-нд үзэсгэлэн зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан шинжээч Б.Эрхэмбаяр, Дорнод аймгийн АДАПТ төслийн орон нутгийн зохицуулагч Ч.Нэргүй, Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан нар оролцож, хөтөлбөрийн ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Тус үзэсгэлэнгийн үеэр “Ханбогд Кашемир” ХХК-ийн анхан шатны үйлдвэрийн захирал Ж.Ууганбаяр, “Монпеллетс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас нар Дорнод, Сүхбаатар аймгийн 14 хоршоотой ямааны ноолуур, хонины ноос нийлүүлэх 5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа.
Үйл ажиллагаанд:
- Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын 14 хоршоо
- “Ханбогд Кашемир”, “Монпеллетс” компаниуд
- АДАПТ төслийн орон нутгийн төлөөлөгчид
- Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
- Бодлого судлалын төвийн баг
Нийт 30 хүн оролцов.
Энэхүү түншлэлийн гэрээг байгуулснаар малчид, боловсруулах үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, ноос ноолуурын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ