x

Чоныг цагаатга!

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарласан. Уралдаанд сонин, телевиз, цахим сайтын сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчдийн 27 бүтээл ирж, өнгөрөгч ням гаригт /2025.03.09/ сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн эзнийг тодруулжээ. Шилдэг нийтлэлийн уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Time.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Хэнзээгийн Болормаагийн “Чоныг цагаатга” нийтлэлийг уралдаан зохион байгуулагчдын зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж байна.

"ЧОНЫГ ЦАГААТГА!"

Малчид буугаа цэвэрлэж, сумаа тоолон, машинаа дүүрэн бензинтэй байлгаж, морио ойрхон аргамжих боллоо. Авд мордох гэж байгаа нь энэ. Ууланд мориор, талд машинаар явах гэнэ. Эрчүүд байсхийн утсаар ярьж, хэзээ хаашаа явбал малгайн үс сэргээх аз тохиохыг хэлэлцэнэ. Энэ эрчүүд ийн ил цагаан чоно авлах болсон нь аймгийнх нь засаг даргын захирамжтай холбоотой аж.

Говь-Алтай аймгийн засаг дарга 2025.01.06-нд А/05 тоот захирамж гарган, аймгийнхаа нутаг дэвсгэрт 1 дүгээр сарын 8-наас 2 дугаар сарын 5 хүртэл ахуйн зориулалтаар чоно агнахыг зөвшөөрчээ. Энэ ав ингээд зогсохгүй. Дараа жилийг дуустал үргэлжилнэ. Хориглосон ч агнадаг, зөвшөөрсөн ч агнадаг өнөө үеийн анчдад тэр зөвшөөрөл хамаагүй.

Хамгийн гол нь амьтны нөөц ашигласны төлбөр. Малчид шүлсээ залгиж, анчид буугаа шүүрэх болсны учир нь агнасан чоныг амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жил чөлөөлсөнд байгаа юм. Энэ төлбөрийг хүчингүй болгочихвол байгаль орчны байцаагчид баригдахаас айхгүй. Төлбөр хүчинтэй байгаа цагт чоно буудаад баригдвал зэгсэн төлбөр, торгууль төлөх болж, өнөө чонодоо мал барьсан, хүн рүү дайрсан хэрэг тохох гэж бөөн юм болно. “Адгийн зарга 10 хоног” гэж. Цагдаа, байгаль хамгаалагчийн үүд сахина. Мотоцикл, морио хураалгана. Хамгийн хэцүү нь эхнэртээ аашлуулна.

Тиймээс малчид хээрийн боохойг намнуулах зар тарааж, агнасан чоно бүрийн тоогоор айл бүр 1, 1 хонь амладаг юм. Аатай залууст энэ бол сул олз. Аманд аяндаа орж ирж буй олзыг үмхэх хүсэл хатгавч “Юмыг яаж мэдэх вэ. Баригдвал... Агнаж чадахгүй бол нэрийн хор, явдлын гарз юм даа” гэсэн түгшүүр сэтгэлийн мухарт хадаастай.

Ийм л ярвигтай шийдвэрээс Говь-Алтай аймгийн засаг дарга анчин, малчин хоёуланг нь гэтэлгэж өгчээ. Дээрээс зөвшөөрөл өгөөгүй байхад, доогуур ийн дураар загнав. Говь-Алтайн араас бусад аймаг залгаж байна. Хавар хурдан морины уралдаан зохион байгуулах зөвшөөрөл шаардан, байж ядаж байгаа уяач нар чонын авд бөөнөөрөө мордож байна.   

Говь-Алтайтай барьцсан аймгуудын чоно агнах зөвшөөрөл хүссэн албан бичигт дарагдсан БОУАӨЯ улсын хэмжээнд 2 жил чоно агнахыг зөвшөөрчихлөө. Саарал чоно агнах ажлыг өөрөө мэдэж зохион байгуулахыг 2025.02.06-нд аймгуудад зөвшөөрөв. Сайдын зөвшөөрлийг хүлээж тэсээгүй засаг дарга нарын шийдвэрийг яам ийн ёсчлов.

Энэ талаар БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Саарал чоныг өмнө нь ахуйн зориулалтаар агнадаг байсан бол одоо тоо толгой, сүргийн бүтцийг зохицуулах чиглэлээр, ямар нэг зөвшөөрөлгүйгээр, орон нутаг зохион байгуулах чиглэл хүргүүллээ. Чонын авыг улсын хэмжээнд зохион байгуулна” гэж тайлбарлав.  

Чоно олширсон учраас, хүн, амьтан, мал руу дайрч байгаа учраас хэмээн халхавчилсан тус яамны энэ зөвшөөрөл, Говь-Алтай аймгийн засаг даргын захирамж нь Халиун сумын Гүүбариач багийн малчин Г.Дамдиндоржийн хот руу 2025.01.02-03-нд шилжих шөнө 5 чоно орж, 103 мал ноцсоноос үүдэлтэй. Хотонд халдсан, хонь барьсан ялтан чоныг цаазын тавцанд аваачих ажил ийн эхэлж, одоо зохион байгуулалттай зандалчлах ажиллагаа болж хувирлаа. Бусад аймгийнхан ч үүнийг өлгөн авч, дэвэргэснээр одоо БОУАӨЯ-ныхан тэдэнд санаснаа гүйцээх боломж олгож байна. Ингэхдээ бүүр “Орон нутаг өөрөө саарал чонын тоо толгойг зохицуул” гэж сүрхий эрх мэдэл олгов. Үүнийг л хүлээж байсан малчид, анчид чоно агнах далдхан хүслээ ил гүйцээхээр ухасхийн мордоцгоолоо.

Говь-Алтай аймгийнхан хэдийнээс чононд харш. 2011.11.10-25-ны хооронд аймгийнхаа хэмжээнд чоно авлах болзолт уралдаан зарлан, 273 чоныг хүйс тэмтэрсэн удаатай. Бэлтрэг суйлж, хаданд савах аллагыг ч анчид сайн дураараа хайр найргүй хийдэг. Ийм уралдаан Говь-Алтайгаар тогтохгүй бусад аймаг, суманд ч болдог. Тэр нь ан биш, аллага болдог учир ёсзүйтэй жинхэнэ анчид оролцдоггүй. Улай үзэх гэсэн чулуун зүрхтэнгүүдэд л цөсөө хөөргөх завшаан болдог юм. 

Энэ явдлаас хойш Монголд чоно тун ховор үзэгдсэн дээ. Хүн төрөлхтөн ковидоор сүйрч байхад зэрлэг амьтад галзуу өвчнөөр хиарч байлаа. Манай улсын 21 аймгийн 298 сум галзуугийн голомттой. Тэр үед галзуурсан ганц нэг чоно л айлын мал барьсан, хүнд ноцсон тохиолдол бий. Хамгийн сүүлд 2020.01.22-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд галзуу чоно айлын хот руу дайрч, нөхөр нь уг чоныг улаан гараараа барьж аван, эхнэр нь гурилын элдүүр, сүхээр толгойд нь цохиж алсан юм.

БОАЖЯ 2019-2024 онд аймгуудад 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрөл олгожээ. Гэтэл ердөө 153-ыг агнасан байна. Энэ бол нэг талаас Монголд агнах чоно үлдээгүйг харуулж байгаа бол нөгөө талаас хүмүүст чоно авлахад зөвшөөрөл хэрэг болдоггүйн нотолгоо юм. Монгол эрчүүдийн хувьд чоно бол таарсан газарт нь алах ёстой дайсан. Хотын, хөдөөний, малтай, малгүй бүгд л тэгж үздэг. Аль насандаа зангидсан өс юм. Чаа гэх ямаагүй, чүү гэх морьгүй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр чоныг үзэн ядахаа болих хэрэгтэй. Малчдын хувьд малын дайсан гэх шалтаг олдох ч бусдынх нь хувьд өчиг байхгүй шүү дээ. Ямар зам дээр түгжрэл үүсгэсэн, агаар бохирдуулсан гэлтэй биш.

Одоо ч Говь-Алтайд агнаад байх олон чоно байхгүй гэж нутгийнх нь учир мэдэх хүмүүс хэлж байна. Малчин А.Жав “Бурханбуудайн хэдэн чоно уулнаас бууж, ар хормойд нь өвөлжиж буй айлын хотонд халдсанаас өөр сүйдтэй юм болоогүй. Түүнээс биш, чоно айлын мал барих бол байх л зүйл. Чонотой жил мал өвддөггүй гэж хашир малчид ярьдаг байсан юм. Бурханбуудай чонотой болсон бол хэдэн жилдээ мал, амьтны өвчин гарахгүй биз. Чоногүй болчхоод хэдэн жилийн өмнө манай аймагт малын мялзан гараад, бөхөн, харсүүлт, янгирт халдаж, сүйдэлсэн шүү дээ. Тийм өвчинд малаа хиаруулж, хотоо харлуулснаас хэдэн боохойд ганц хоёрыг өргөчих нь дээр юм байна лээ” гэсэн бол малчин Г.Лувсан “Чонотой газрын малчин соргог болдог гэлцдэг. Манай малчид хонио хариулахаа больсон. Зөнд нь явуулчхаад, гэрээсээ дурандаж суудаг. Холдохоор нь мотоциклоор эргүүлчихнэ. Тэгэхээр чоно байтугай хэрээ ч шоглоно. Чоноо бүгдийг нь алчхаад, гэртээ амар суухыг хүсдэг залуус олон” гэж тайлбарлав. Малчин Х.Баатар “Буутай хүн, анчин хоёрыг хэн ч хянадаггүй. Буу нь л бүртгэлтэй. Нэг хэсэг чоно үнэд орсноос болоод, анчдын суман мөндөрт сүйрсэн. Одоо Бурханбуудайн хэдэн чоныг хядаж байна. Энэ хайрхан төрийн тахилгатай. Өнгөрсөн зун Ерөнхийлөгч ирж, тахисан. Тахисан жил нь хэдэн чоныг нь хядахаасаа айхгүй л байгаа юм байх даа” гэж ярилаа.  

Мал бол хүний өмч. Малаа чононд идүүлэхгүй байх нь малчны үүрэг. Харин чоно бол байгалийн өмч. Түүнийг хэзээ, хэдийг агнахаа анчид мэдэж, тоо, бүтцийг нь тохируулдаг байлаа. Одоо тийм ёсзүйтэй анчин нүдний гэм болсон болохоор хаанаас, хэзээ, хэдэн чоно агнуулахыг Монголын төр шийдэх хэрэгтэй болж байна. БОУАӨЯ-нд энэ эрх нь байгаа ч судалгаа, тооцоогүйгээр чоно агнах шийдвэр гаргаж байгаа нь арай ч дэндэнэ. ШУА-ийн Биологийн хүрээлэн 1986 онд судалгаа хийгээд, 18 аймагт 30 гаруй мянган чоно байна гэж тооцжээ. Түүнээс хойш энэ амьтныг нэг ч удаа тоолоогүй.

Одоо харин тоолох ёстой. Ан, агнуурыг тооцоо, судалгаатай хийдэг болох хэрэгтэй. Ямар ч судалгаа, тооцоогүйгээр улсын хэмжээнд чонын ав зохион байгуулах нь Монголын ард түмний өмчийг, байгалийн баялгийг дур мэдэн сүйтгэж байгаа хэрэг. Хүн өөрөө бүтээгээгүй зүйлд ухаалаг, тооцоотой хандахгүй бол мөхсөн хойно нь буцаагаад бий болгож чадахгүй. Улаан чоно шиг. Байгальд хэрэггүй юм нэгээхэн ч үгүй. Шумуул, ялаа, мэлхий хүртэл хэрэгтэй.

30 гаруй мянган чоноо манайхан 1992-2010 оны хооронд хядчихсан. “Амьсгалаас нь бусад нь эм болдог” гэж шагшаад л нэг нэгнээсээ өрсөлдөн агнаж, тархийг нь толгойн өвчинд, ходоодыг нь ходоодны өвчинд сайн гэх мэтчилэн идэж ууж, ил, далд зөндөө зарсан. Хилээр ч их гаргасан. Хятадууд Цагаан сараар нэгэндээ Монголын хөлдөөсөн чоно бэлэглэж, ийм чоноор нэгнийгээ хахуульдах явдал газар авсан нь ч үүнтэй холбоотой. Үүнийг дагаад гаальчид хөлдөөсөн чоно аль болохыг олныг илрүүлэн хураах захиалгад дарагдсан юм даг. Амьсгал нь хүртэл эм болно гэвэл манайхан амьдаар нь барьж авчраад, ам, хамарт нь амаа нааж ч мэдэх хүмүүс.

Хээр, тал, хангай, говь гээд байгаль уг нь чононд уудам нутаг харамгүй хайрласан атлаа өвчтэй амьтан барьж идэх, өтөлсөн амьтны амийг тасалж буян үйлдэх замаар голоо зогоох хатуу тавиланд оноочхож. Дорнодын уудам талд цагаан зээр хөөж, хөлийнхөө шандас, уушгиныхаа багтаамжийг сорин, гэдсээ борлуулж явсан чоныг дурантай буу, дугуйтай машинаар хөөгөөд устгачихсан даа, зайлуул. 1990 онд Биологийн хүрээлэн, АНУ-ын судлаачидтай хамтран, Дорнодоос 4 чоно барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүж тавьтал 2 хоногийн дараа 1-ийг нь, 7 хоногийн дараа 3-ыг нь алчихсан тухай биологчид толгой сэгсрэн ярьж байна. Хустайн нуруунаас 2018 онд Биологийн хүрээлэнгийн судлаачид 3 чоно барьж, дохиололтой хүзүүвч зүүгээд гүйдлийг нь ажиглаж байтал хулгайн анчид алчихжээ. Бид чононд ингэж л хандаж байна. Хүзүүвчтэй, хүзүүвчгүй нь ч хамаагүй. Чоныг алах л ёстой гэсэн ойлголттой. Уг нь малчин малтай байх эрхтэй бол чоно ч амьд явах, хооллох эрхтэй. Хүн хэрвээ чонын байгаль дахь хоолыг нь хороогоогүй бол чоно малчны хотонд халдахгүй л дээ. Тэнд буутай хүн байдгийг чоно эрхбиш мэдэхтэйгээ. Гэвч амиараа дэнчин тавин, буутай, машинтай хүний хамар дороос хонь барьж идэхэд хүргэсэн буруутан нь хүн. Бөмбөрцгийн бүх юмыг өмчилсөн хүн одоо чоныг хүртэл үлдээлгүй хүйс тэмтрэхээр ялын тогтоол уншлаа.

Аливаа амьтныг үржилд орохоос нь өмнө агнадаг эртний цөлх ухааныг олзонд шунасан улаан нүд таглаж, чоныг орооных нь үеэр авлах хугацаа тогтоолоо. Хамгийн сүүлд чоноо тоолсон 1986 онд манай улс 22 сая малтай байсан бол одоо 57 сая малтай. 22 сая малтай зэрэгцэн 30 мянган чоно амьдарч болоод байсан атал 57 сая малтай зэрэгцэн хэдэн чоно үлдэж яагаад болохгүй гэж? Мал хувийн өмч болж, чоно байгалийн өмч хэвээр үлдсэн учраас л чоныг цаазлах ялын тогтоолыг яам уншчихлаа шүү дээ. ХХААХҮЯ нь “Чоно монголчуудын хүнсэнд ийм хохирол учрууллаа” гэж ам нээгээгүй байхад байгалиа хамгаалах ёстой БОУАӨЯ нь чононд алах ял оноов. Үндсэн хуулиар малыг төрийн хамгаалалтад авсан гээд ингэж байгаа бол чоныг ч төр, ард түмэн хамгаалдаг. Үндсэн хуулийн 6.1 “Монгол Улсад ... амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасныг сануулъя.

Олон улсын “Тахь” групп Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгээс 2 чоно барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүн судлахад, чоно маш уудам нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг нь тодорхой болжээ. Өчигдөр Бурханбуудайд байсан чоно өнөөдөр Шаргын говьд ирж, маргааш Мянган-Угалзат хүрч, нөгөөдөр Сутай хайрханд очдог. Энэ өргөн уудам нутагт түүнийг харсан хүн бүр нутаг нь чонотой болсон тухай ам дамжуулан цуурна. Тэр олон чоно нь үнэндээ ганцхан. Ийм л төөрөгдөл дунд малчид ганц чоныг 100 болгон төсөөлж, түүнийгээ сум, аймгийн засаг даргадаа итгүүлэн, тэд нь БОУАӨЯ-ыг цаасаар дарсаар, хөөрхий хэсүүлч чоныг улс даяар авлах ялын тогтоол гаргуулчихлаа.

Хүн гэгч араатан чоныг ингэж цаазалчхаад, шагайг нь булаацалдан авч, хийморь тэтгэнэ хэмээн биедээ нандигнан авч явдаг мунхаг амьтан шүү дээ. Үхсэн амьтанд, тэр нэг ясанд ямар хийморь байх билээ дээ. Хийморь гэдэг чинь амьд амьтанд оршдог гэдгийг ухаардаггүй, хөөрхийс. Чоно алахад биш, чонын араас хөөцөлдөж явахад л хийморь сэргэдэг тухай ёсзүйтэй анчид хүүрнэдэг. Өвлийн жавар хацар, нүүрийг хайр найргүй ороолгох шөнөөр чулуу дэрлэн, цасан дээр хонож, ил гал дээр цай чанаж, цасаар нүүрээ угааж, хүйтэн салхи сөрж явах л эрийн шөрмөс шалгана. Түмэн оддын доор чонын улиан сонсож, чононоос илүү ухаан сийлж явахад л хийморь сэргэнэ. Агнасан чонынхоо шагайг харж, авд мордсон дурсамж сэргэхэд хийморь бадарна. Түүнээс амьтан алж, шагайг нь биедээ зүүхэд биш л дээ.

Өнөө цагийн анчин нэртэй алуурчдын хийморь бол хэзээд гутна. Хүчтэй машин, хурц гэрэл, дурантай буутай анчны хийморь сэргэх нь байтугай амиа алдсан тохиолдол ч цөөнгүй. Машинаар хөөх чоно хээр, талд үгүй болсноор одоогийн анчид олон нохойтой болжээ. Хангайн зарим анчин анд ганц хоёр нохой дагуулж явдаг байсан бол одоогийнхон ойгүй олон нохойтой. Тэд намар, өвлийг дамнан, нохдоор ан хийлгэж, бахаа хангана. Тайга ноход таарсан амьтан болгон руугаа сүрэглэн дайрч, үр төлөөс нь эхэлж барьсаар бүхэл бүтэн сүргийг юу ч үлдээлгүй сүйрүүлдэг гэмтэй. Нохдын дуунаас үргэсэн амьтад амь тэмцэн дайжсаар, ороо хөөцөлдөөний цагаа алдан, оройтож үржилд ордог болсон тухай анчин буурлууд гасалж сууна. Оройтож төрсөн амьтад өвлийг давахгүй. Дэлхийн хамгийн хүйтэн газар шүү дээ, Монгол. Нохдод сэглүүлээд амь мултарсан амьтад шархаа даалгүй үхнэ. Энэ бүхний уршгаар амьтад үржиж чадалгүй, тоо нь эрс хорогдон, чононд идэх хоол улам л хомсдож байна.  

Хэнтийн малчин айл бүр 2-10 нохойтой. Сүүгээ машиндаж, цөцгийгөө аваад, үлдсэн шингэн сүүгээр нь нохдоо хооллоно. Эндхийн тайга нохдын үндсэн хоол нь машиндсан шингэн сүү. Нэгэн цагт энэ нохойгоо зүүн аймгуудын анчид зээр, туулайгаар цатгадаг байсан бол одоо машиндсан сүү долоолгодог болжээ. Ан ховордож, анчин, нохой хоёул хэцүүдэж байгаа нь илт. Чөргөр биетэй, урт хөлтэй энэ зэгзгэр ноход зэрлэг амьтдын эрлэг. Тиймээс ч энэ давуу талыг нь тэнгэрт тултал дөвийлгөж байгаад, аагаа багтааж ядсан уяач нарт зардаг болжээ. Уяач нар үүнийгээ чоно руу эрлэгийн элч болгон илгээж байна.  

Саарал чоно цагт 38-56 км зам туулдаг. "Зээрийн цагаан" гэж зүүн аймгийнхны нэрлэсэн, цагаан зээр дагаж, өвчтэй, шархтай зээрийг зооглож амьдардаг,  нарийхан биетэй чоно богино зайд 85 км/цаг хурдалдаг байжээ. Энэ хурдан чоныг анч тайга гүйцдэг. Саарал чоныг ийм хурдан нохдоор хөөлгөвөл хүч тэнцвэргүй, шударга бус тулаан болно. Одоо зээрийн цагаан байхгүй. Машин, буу хоёрын тусламжтайгаар хүмүүс маанийг нь уншчихсан.

"Зээрийн цагаан" байхгүй болсноор хээрийн экосистем өөрчлөгдөж, зээрийн сүрэг өвчилж эхэлсэн. 2011-2016 он дамнан зүүн 3 аймагт мал, зээрийн сүргийг шүлхий өвчин сүйрүүлсэн. Малаа хамгаалах гээд чоноо устгасан Дорнод, Сүхбаатар, Хэнтийн малчид шүлхийгээр хотоо харлуулсан даа. Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээгээр 2018 онд 12 аймгийн 30 суманд, 2022 онд 14 аймгийн 97 суманд шүлхий гарчээ. Энэ нь чоногүй болсонтой холбоотой гэж 2011.02.23-нд УИХ-ын БОХХААБХ, БОАЖЯ, Биологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан “Дорнод Монголын саарал чоно хамгааллын асуудалд” сэдэвт хэлэлцүүлгээс дүгнэсэн юм. Тус хэлэлцүүлгээс чоныг хамгаалах тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх, хууль бусаар чоно агнагчдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах зөвлөмж гаргасан.

Гэвч загасны санах ойтой төр түүнийгээ мартжээ. Ховд аймгаар жишээ татъя. Тус аймгийн 2012-2016, 2017-2021, 2022-2026 оны агнуур зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөнд чоно агнах тухай ямар ч тоо, нөөц тусгаагүй байна. Тэгтэл БОАЖ-ын сайд 2022 оны А/89 дүгээр тушаалаараа тухайн онд тус аймгаас 50 чоно агнах тоо тогтоож өгчээ. Аймаг өөрөө чоно агнахгүй гэсэн байхад “Танайх 50 чоно агна” гэсэн мэт. Уг тушаалын дагуу Ховд аймгийн засаг дарга А/464 дүгээр захирамж гарган, аймгийнхаа 16 сум бүрээс 3 чоно агнах хязгаар тогтоож өгчээ. Гэсэн ч ангийн зөвшөөрөл авах, төлбөрөө тушаах гэж 1 ч хүн хандсангүй. Тэгэхээр нь тус аймгийн засаг дарга 2023.01.27-нд 1/212 дугаар албан бичиг гаргаж, 2023.03.01 хүртэл чоныг төлбөргүй агнуулах зөвлөмж сумдын засаг дарга нарт өгчээ. Үүний дагуу иргэд Мөст суманд 3, Үенч суманд 1 чоно агнажээ. Тэр жил 1 чоно агнах төлбөр, зөвшөөрлийн хураамж нийлээд 248.600 төгрөг байв. Хямдхан. Иргэд чоно агнахгүй, аймгийн удирдлагууд чоно агнуулахгүй гээд байхад БОАЖЯ чоно агна гээд байгаа юм шиг.

Засгийн газар 2023.07.05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Үүгээр саарал чонын үнэлгээг 1 сая 130 мянган төгрөгөөр тогтоожээ. 37 сая төгрөгийн үнэтэй мазаалай, 22 сая 200 мянган төгрөгийн аргаль шиг үнэтэй биш ч чоно бол булганаас үнэтэй амьтан гэдгийг энэ үнэлгээ харуулна. Хүүхнүүдийн шүлэнгэтдэг булган дээлнээс үнэтэй гэд бод доо. Засгийн газар чоныг ингэж үнэлсэн байхад яам нь үнэгүйдүүлж байх юм. Хачин юм шүү.   

Хуулийн дагуу бол сумын засаг даргаас зөвшөөрлийн бичиг авч, хураамж, төлбөрөө тушаагаад, 5 хоногт багтаан чоноо авлана. 5 хоногт чоноо агнаж чадахгүй бол дахиад зөвшөөрөл авах ёстой. Говь-Алтай аймгийн Хар-Азаргын нуруунд 2023 онд зусаж байсан малчид “Чоно хааяа үзэгддэг л юм. Агнах хүн байвал айл бүр 1, 1 хонь өгөхөд бэлэн байна. Чоно ч яах вэ. Алчхаж болно. Агнах хүн ч олдоно. Ирвэс гэж дархан цаазтай амьтан байна. Энэ нуруунд мал дагаад явахад хэцүү. Ямаа асганд авирчхаад, ирвэсний хоол болох нь элбэг. Энийг л яаж ч чадахгүй байна даа. Баригдвал их хүнд ялтай юм гэсэн” гэж ярьсан юм.

Чоныг ийн дураараа агнаж болно гэж үздэг хүн УИХ-д хүртэл сууж байна. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Тэрээр уг хуулийн 25-р зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн заалт нэмэхийг хүсэж байна. Энэ хуульд ийм заалт оруулбал чоныг хэн дуртай нь хэзээ ч хамаагүй агнах дархан эрхтэй болно. Тэртэй тэргүй одоо ч амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно алсан хүнд хариуцлага хүлээлгэдэггүй. Баримт дурдъя. Ховд аймгийн Мөст сумын иргэн Н-ийн мал руу 2022 оны 1 дүгээр сард чоно дайрч, малчин 2 чоно зөвшөөрөлгүй алжээ. Үүнийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаад, Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын газар зөрчлийн хэрэг нээж, сумын байгаль орчны байцаагчид шилжүүлсэн бол байцаагч уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр О.Амгаланбаатар энэ хуулийн төслөө татаж, нохойгоор ан хийхийг хориглох заалт оруулбал УИХ-ын гишүүн болсных нь хэрэг гарна.

Махаа гадаадад гаргаж, мөнгө олох зорилго тавиад манай улс саяхныг болтол чадахгүй байсны шалтгаан нь чоноо устгасантай холбоотой. Шүлхий, цэцэг, мялзан гээд халдварт өвчинд байнга нэрвэгддэг манай малын махнаас гадаадынхан айгаад авдаггүй байв. “Гоц халдварт өвчин гардаггүй, тайван бүс болчихвол мах авна аа” л гэдэг. Арайхийж шүлхийгээ дараад, одоо л багахан мах гадаадад гаргаж эхэлж байна. 2020 он гэхэд жилд 100 мянган тонн мах экспортлох зорилт 2016 онд тавьсан ч ХХААХҮЯ-ны мэдээгээр 2022 онд 11 улс руу 14.3 мянга, 2023 онд 80.4 мянган тонныг гаргажээ. 2024 оны эхний хагас жилд 22 тонныг экспортолсон байна. Зорилт биелсэнгүй. Гэтэл бид 57.6 сая малтай. Ийм үед чоноо устгачихвал үр дагавар нь өнөө шүлхий, цэцэг, мялзан... гээд хөвөрнө. Мал эмнэлгийн салбараа хөсөр хаяж, малын эмч нараа нохой, мууранд алдсан манай улсад саарал чоно л малын эмчийг орлож байна.

Манай улс 25 сая малын бэлчээртэй ч 2.2 дахин олон малтай. Бодлого судлалын төвийн захирал А.Энх-Амгалан бэлчээрийн даац, малын чанарыг судлаад “1 хонинд ноогдох өвсийг 2-3 хонь хувааж идэх болсноор мал хагас өлсгөлөн байдалд байна. Үүний нөлөөгөөр мал давжаарч, дундаж хонины амьдын жин 1-2 кг, үхрийнх 30 кг-аар буурсан. Гулууз махан дахь өөх ихсэж, махны хэмжээ багассан. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас малд халдварт өвчин байнга гарч байна. Энэ нь Дэлхийн зах зээлд монгол малын махны үнэ унахад нөлөөлж байна” гэж дүгнэжээ. Энэ бол чоно хэт олшроод, малд халдаад байгаа биш, мал хэт олшроод, чонын эзэмшилд  халдаад байгааг нотлох бас нэг баримт юм.

Саарал чононд БОУАӨЯ-наас оноосон ялыг хүчингүй болгуулахаар давж заалдаж буй надад чоно буруугүйг нотлох баримт энэ мэтчилэн хангалттай байна. Гурван шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад чоныг ч гэм буруутай гэж үзэхгүй байх ёстой байх аа, айн?

Хэнзээгийн БОЛОРМАА /Time.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харү башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 12 цаг 21 мин БНХАУ-ын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллагын чуулган өндөрлөлөө 12 цаг 22 мин Тайвань Хятад улсад үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргүүдийг шийтгэх хуулийн төсөл боловсруулж байна 12 цаг 23 мин Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, их хэмжээний гал гарчээ 12 цаг 25 мин Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол бүртгэгдэж, вакцинжуулалтад анхаарахыг зөвлөв 12 цаг 26 мин Нийтийн албанд томилогдох 1054 иргэний ашиг сонирхлын мэдүүлгийг шалгажээ 12 цаг 29 мин 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын хуваарь 12 цаг 29 мин Таван аймгийн 12 суманд ой, хээрийн түймэр гарч, ихээхэн хохирол учирчээ 12 цаг 32 мин Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээний шинэ тариф хэрэгжиж эхэллээ 12 цаг 33 мин Монгол-Чехийн бизнес форумд зуу гаруй бизнес эрхлэгч оролцож байна 12 цаг 35 мин Японы “FOODEX JAPAN 2025” үзэсгэлэнд Монголын хүнсний бүтээгдэхүүн танилцуулагдаж байна 12 цаг 37 мин Алслагдсан сум, багт бага сургууль байгуулах ажлыг эхлүүлжээ 12 цаг 39 мин Чоныг цагаатга! 16 цаг 11 мин Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав 17 цаг 16 мин "The MongolZ" баг "ESL Pro League Season 21" тэмцээнд Playoffs шатанд шалгарах боломжтой хэвээр байна 17 цаг 17 мин Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээв 17 цаг 19 мин Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 17 цаг 24 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов 17 цаг 25 мин Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав 17 цаг 26 мин Украины Ерөнхийлөгч Зеленьский Саудын Арабын ханхүүтэй уулзав 17 цаг 28 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Чоныг цагаатга! Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х...
Top