АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоо (ЕХ)-ны бараанд ногдуулсан гаалийн татвараа цуцлахгүй бол тус холбооноос нийлүүлж буй дарс, оргилуун дарс, виски болон бусад төрлийн согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Truth Social нийгмийн сүлжээнд байршуулсан мэдэгдэлдээ Францаас импортолж буй дарсыг онцлон дурдсан байна.
Үүний хариуд Францын Худалдааны сайд Лоран Сен-Мартен “ЕХ сүрдүүлэгт автахгүй, манай улс үйлдвэрлэлийн салбараа хамгаална” гэж мэдэгдэв. Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Гуравдугаар сарын 12-нд Канад, ЕХ болон бусад түнш орнуудаас АНУ-д нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулж эхэлсэн. Үүний хариуд Европын Комисс дөрөвдүгээр сарын 1-нээс АНУ-ын жийнсэн хувцас, виски, мотоцикл зэрэг бараанд татвар ногдуулж эхэлсэн юм.
Европын статистикийн Евростат байгууллагын мэдээлснээр, 2024 онд ЕХ-оос АНУ-д 4.9 тэрбум еврогийн үнэ бүхий дарс экспортолсон нь тус холбооны нийт дарсны экспортын 29 хувийг эзэлж байна. Харин Франц улс нийт дарсны экспортын 40 хувийг бүрдүүлдэг аж.
Эх сурвалж: DW