Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) өөрийн гэсэн криптовалютын токен гаргах боломжийг судалж байгаа талаар тус байгууллагын Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор Цагаан ордонд зохион байгуулагдсан өндөр түвшний уулзалтад оролцох үеэрээ дэлхий даяарх 5 тэрбум гаруй хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан цахим валют гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. "ФИФА-тай хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхний өмнө бидний хаалга нээлттэй" гэж Ж.Инфантино мэдэгджээ.
ФИФА токенийг хэзээ гаргах талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй ч тус байгууллага блокчейн технологийг хөгжөөн дэмжигчидтэй хамтран ажиллах, шинэ төрлийн орлого олох хэрэгсэл гэж үзэж байгаагийн илрэл болж байна.
Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ФИФА-гийн санаачилгыг дэмжиж, "Эцсийн дүндээ энэхүү токен ФИФА-гаас өөрөөс нь ч илүү үнэ цэнтэй болж магадгүй. Энэ бол маш их ирээдүйтэй цахим мөнгө" гэж онцолжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа ФИФА-тай ямар ч холбоогүй "FIFA" нэртэй криптовалютын ханш огцом өсөж, 357 000 хувиар өсөлттэй гарч, зах зээлийн үнэлгээ нь 8.2 сая ам.долларт хүрсэн байна.
ФИФА-гийн энэхүү сонирхол нь 2026 онд АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдах Хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлтгэл ажлын хүрээнд криптовалютын технологийг ашиглах магадлалыг харуулж байна.
Ташрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн хоногийн өмнө биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлиг гаргасан нь АНУ-ын криптовалютын бодлоготой холбоотой томоохон өөрчлөлт болж байна.