ХӨСҮТ-өөс томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаярын мэдээлснээр, улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийслэлд 15, Өмнөговь аймагт гурван тохиолдол батлагджээ. Өвчлөл голчлон бага насны хүүхдүүдийн дунд тархаж байгаа бөгөөд товлолт вакцинд хамрагдаагүй, эсвэл хоцорсон хүүхдүүд зонхилж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар нэмэгдэж буй тул улсын хэмжээнд тархах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Улаанбурхан нь тууралт гарахаас өмнөх дөрөв, гарсны дараах дөрвөн хоногт халдварлах чадвар өндөр байдаг тул халуурах, хоолой өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөв.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг дурдав. Цагаан сарын баярын дараахан өвчлөл өсөж, эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 6.8 хувь байсан бол 9.8 хувь болж нэмэгджээ. Мөн менингитийн нэг тохиолдол бүртгэгдэж, хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээлэв.
Томуу, улаанбурханаас сэргийлэхийн тулд иргэд маск зүүх, дулаан хувцаслах, эрүүл ахуйн дүрмийг чанд сахих шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Улаанбурханы дархлаажуулалт, нөхөн дархлаажуулалтыг өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байгаа бол сайн дурын дархлаажуулалт ХӨСҮТ-д үргэлжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ