Монгол Улсын Засгийн газраас Австрид ажиллаж, амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэх шинжээчдийн түвшний гурав дахь шатны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хэлэлцээрийн болон хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцжээ.
Ингэснээр талууд хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг дотоодын хууль тогтоомжийн дагуу эхлүүлэхээр болсон байна. Энэхүү хэлэлцээр батлагдсанаар Монгол, Австрийн иргэд хоёр улсад ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, улмаар тэтгэврийн тогтоолтод хамрагдах эрх зүйн боломж бүрдэх юм.
Одоогийн байдлаар Австрид Монгол Улсын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол Монгол Улсад БНАУ-ын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч байна.