Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сарын цуврал барилдааны хүрээнд зохион байгуулсан Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Б.Серик үзүүрлэв. Э.Батмагнай начны хувьд намрын нээлтийн барилдаанаас хойш хоёр түрүүлж, нэг удаа үзүүрлэж байгаа нь түүний тогтмол өндөр амжилтыг харуулж байна.
Дөрөвт улсын харцага Н.Золбоо, улсын начин Х.Цогтгэрэл нар шалгарсан бол наймд улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Цэдэнсодном, начин Г.Ганжад, Б.Лхагвадорж нар үлдлээ.
Барилдааны шагналын сан:
- Түрүү бөх 10 сая төгрөг
- Үзүүр бөх 5 сая төгрөг
- Дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөг-ийн шагнал хүртэв.
Ташрамд дурдахад, намрын нээлтийн барилдаанаас хойш улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд 16 барилдаан зохион байгуулагдсан бөгөөд улсын аварга О.Хангай 4 түрүү, улсын начин Л.Энхсаруул, Э.Батмагнай нар тус бүр 2 түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна.