Германы Бундестагийн ээлжит бус сонгууль явагдсанаас хойш хоёр долоо хоногийн дараа Берлин хотноо эрх баригч эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээ эхэллээ. Уг эвсэлд Христийн Ардчилсан холбоо нам ба Христийн Нийгмийн холбоо намын консерватив эвсэл, түүнчлэн Германы Социал-демократ нам багтаж байна.
Пүрэв гаригийн орой консерваторчууд ба социал-демократуудын хэлэлцээ хийх ажлын хэсгүүд Берлин дэх Христийн Ардчилсан холбооны төв байранд уулзалт хийжээ.
Удахгүй байгуулагдах “их эвслийг” бүрдүүлэгч улс төрийн хүчнүүд хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийнхөө нэрсийг өмнө нь зарласан юм. Төлөөлөгчид 16 ажлын дэд хэсэгт хуваагдан, эвслийн гэрээний төслийг боловсруулж, 3 дугаар сарын 24-нөөс өмнө танилцуулах ёстой. Цагаачлал, төсөв, татвар, батлан хамгаалахын асуудлаарх хэлэлцээ нэлээд хүнд байдалд явагдаж магадгүй байна.
Ажлын хэсгүүдийн тохиролцоог хэлэлцээний сүүлчийн үе шатанд танилцуулах бөгөөд энэ үеэр 19 хүн, тэдний дотор “их эвслийн” гурван намын удирдагчид болох Христийн Ардчилсан холбоо намын дарга Ф.Мерц, Социал-демократ намын удирдагчид болох Ларс Клингбайл, Саскиа Эскен нар, Христийн Нийгмийн холбоо намын дарга Маркус Зёдер нар байлцана.
Хоёрдугаар сарын 23-нд болсон Бундестагийн ээлжит бус сонгуульд хамгийн олон санал авсан ХАХ/ХНХ-ын эвслийнхэн одоогийн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтаж буй Германы Социал-демократ намтай урьдчилсан байдлаар зөвлөлджээ. Үүний дүнд 3 дугаар сарын 8-ны өдөр суурь баримт бичгийн төслийг танилцуулсан бөгөөд түүнд цагаачлалын бодлогыг чангатгах, санхүүгийн бодлогод өргөн хүрээний шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг тусгасан байна.