АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан явдал олон улсын анхаарлын төвд хэвээр байна. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, Вашингтон Украины талаарх бодлогоо өөрчилж, Киевийн байр суурийг үл ойшоож буй хандлага ажиглагдаж байгаа нь Европын улс төрчдийн санааг зовоож байна.
The Washington Post сонинд дурдсанаар, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын ярианы өнгө аяс, нөхөрсөг харилцаа нь Украины холбоотнуудын дунд түгшүүр төрүүлжээ. Тус сонинд Трампын засаг захиргаанаас Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар тодорхойгүй байдал үүсч, АНУ Киевийн оролцоогүйгээр тохиролцоо хийх нь гэсэн болгоомжлол үүссэнийг онцолсон байна.
Үүний зэрэгцээ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украин 2014 оны өмнөх хилийн шугамаа сэргээх, НАТО-д элсэх асуудал бодит боломжгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь Киевийн байр суурьтай нийцэхгүй байгаа аж. Шведийн Ерөнхий сайд асан Карл Бильдт "АНУ хэлэлцээ эхлэхээсээ өмнө чухал ухралт хийж байна" гэж мэдэгджээ.
CNN мэдээлэхдээ, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Барууны орнуудад үл ойшоох хандлага нэмэгдэж байгаа талаар онцолжээ. Өмнө нь Европын удирдагчид түүнтэй байнга уулзаж, дэмжлэг үзүүлдэг байсан бол одоо Трамптай утсаар ярих үед Путинээс хойш хоёр дахь хүн болж буй нь үүнийг илтгэж байна гэжээ.
Мөн The Guardian сонин Трампын "Америк юуны түрүүнд" бодлого нь Украиныг хаяж буй явдал хэмээн онцолж, АНУ-ын шинэ засаг захиргаа Украиныг шууд бус байдлаар Оростой тохиролцоонд хүрэхийг шахаж байгааг тэмдэглэсэн байна. Европын орнуудын хувьд энэхүү бодлого нь тэднийг Оростой хэлэлцээр хийхэд хүргэж болзошгүй гэсэн айдсыг төрүүлж байна гэж тус сонин бичжээ.
Харин Bloomberg агентлагийн мэдээлснээр, Трамп Путинтэй утсаар ярих гэж байгааг Зеленскийд зүгээр л дуулгасан бөгөөд энэ нь Украины хувьд таагүй дохио болсон байна. Түүнчлэн, Украиныг НАТО-д элсүүлэх асуудал хөндөгдөхгүй болсон нь Европын холбооны улс төрчдийн түгшүүрийг улам нэмэгдүүлжээ.
Одоогоор АНУ-ын удирдлагууд Украинд цаашид хэрхэн туслах талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа бөгөөд Трампын засаг захиргаа Украин, Оросын дайны асуудлыг энхийн хэлэлцээрээр шийдэхийг эрмэлзэж буй нь тодорхой болж байна.
Эх сурвалж: The Washington Post, CNN, The Guardian, Bloomberg
Сэтгэгдэл (2)