УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй хүн хандив авах эрхтэй. Хуулиар зөвшөөрсөн. Гэхдээ авч болохгүй аж ахуйн нэгж гэж байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч болохгүй.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.1-т Дараах этгээд хандив өгөхийг хориглоно, 56.1.1-т Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорайшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авчээ. Энэ нь аудитын тайлангаар батлагдсан хууль зөрчсөн үйлдэл юм.
“Ханбогд эксплорайшн” ХХК 2019 оны долдугаар сарын 22-нд бүртгүүлсэн. “Вестерн монголиан девелопмент” ХХК эзэмшдэг. Энэ компани Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниар 2008 оны хоёрдугаар сарын 28-нд бүртгүүлсэн. Бүгд найрамдах Сингапур улсын “Western Metals Corporation” хувийг нь эзэмшдэг. Э.Болормаа хандивын мөнгийг буцаан шилжүүлээгүй бөгөөд сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.2-т Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ гэж заасан. Зөрчлийн хуульд уг мөнгийг улсын орлого болгож, торгууль ногдуулна. Зөрчлийн тухай хуулийн 17.1.23-т Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Үүгээр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн “Ханбогд эксплорайшн” ХХК-иас хандив болгож авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгоно. Мөн түүнийг 10 сая төгрөгөөр торгоно. Хуульчид энэ талаар, Э.Болормаагийн өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг. Буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно.
Сонгуулийн санал хураалт болохоос өмнө энэ алдаагаа засаад мөнгийг нь буцаан шилжүүлчих байх гэж бодсон боловч сонгуулийн дараа есдүгээр сарын 28-ны өдөр гаргасан эцсийн тайлангаас нь харахад буцаан шилжүүлээгүй байсан. ҮАГ зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй боловч ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул доор зургаар оруулсан албан бичгийг 2024 оны аравдугаар сарын 1-нд хүргүүлж, мэдээлэл хүссэн боловч сар гаруйн дараа нийтэд ил мэдээлэл тавьсан учраас цахим хуудсаас харна уу гэсэн хариу ирсэн.
Харин 2025 он гарснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар өөрөөс нь лавлаж, бичиж эхлэсэн учраас ийнхүү пост оруулж байна. ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол СЕХ-ны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой гэж тайлбарлалаа.
Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг УИХ-ын сонгуулиар хандив өгсөн аж ахуйн нэгжээ хамгаалаад байна гэсэн шүүмжлэл гараад байна. Түүний хандивын жагсаалтад “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-иас 30 сая төгрөг, “Ван трейд” ХХК-иас 23 сая төгрөг, “Медиа групп” ХХК-иас 30 сая төгрөг, “Сантранс ложистик” ХХК-иас 30 сая төгрөг, “Капитал групп” ХХК-иас 20 сая төгрөг, “Пабликмедиа” ХХК-иас 30 сая төгрөг, “Монзах” ХХК-иас 30 сая төгрөг, “Амиланэ” ХХК-иас 30 сая төгрөг авсан нь байгаа бөгөөд эдгээр компанийг “Шунхлай холдинг” эзэмшдэг.
“Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийг “Шунхлай холдинг” ХХК 100 хувь, “Ван трейд” ХХК-ийг Б.Гантиг 100 хувь, “Медиа групп” ХХК-ийг “Шунхлай Холдинг” ХХК 100 хувь, “Сантранс ложистик” ХХК-ийг “Шунхлай Холдинг” ХХК 100 хувь, “Капитал групп” ХХК-ийг П.Батсайхан 100 хувь, “Пабликмедиа” ХХК-ийг “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай Холдинг” 100 хувь, “Монзах” ХХК-ийг “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай холдинг” 100 хувь, “Амиланэ” ХХК-ийг мөн адил “Медиа групп” 100 хувь, “Медиа групп”-ийг “Шунхлай Холдинг” 100 хувь эзэмшдэг юм байна. Харин “Шунхлай” нь Ухаа худагийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн нэг гэдэг мэдээлэл цацагдсан. Тийм учраас Ч.Лодойсамбууг Гашуунсухайт-Ганцмод хил холболтын гэрээг эсэргүүцэж, Ухаа худагийг хамгаалаад байна гэсэн хардлага шүүмжлэл үүссэн бололтой.
Саяхнаас УИХ-ын гишүүдийн хандивтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй гэх ийм мэдээллүүд дараалаад гарлаа. Цаашдаа ийм асуудалд холбогдох гишүүдийн тоо нэмэгдэж магадгүй юм. Тийм учраас яг энэ хандивтай холбоотой хуулийн зөрчил үүсвэл яах вэ гэдгээ ярих шаардлага үүслээ гэсэн үг. Э.Болормаагийн асуудал дээр Зөрчлийн хуулиар торгоод өнгөрөх хуультай байна. Харин Ч.Лодойсамбуу үнэхээр хандивлагчаа хамгаалсан бол яаж шийдэх нь тодорхой бус байна.
Ямар ч байсан эхний ээлжинд УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү, биш үү гэдгийг нэг тийш болгох хэрэгтэй болжээ. Эс тэгвээс 126 гишүүний хандивтай холбоотой асуудлууд цаашид үргэлжлэн гарч ирэхийг үгүйсгэх арга алга.
Өдрийн сонин