Ирэх лхагва гариг буюу хоёрдугаар сарын 19-нд Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах юм байна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг:
а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги,
б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм,
в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,
г) хууль эрх зүйн орчин,
д) стандарт ба технологи гэсэн таван хэмжигдэхүүнээр үнэлж, харгалзах түвшнийг тодорхойлсон ба цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж өгдгөөрөө онцлог юм байна.
Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс болжээ.
Судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хийлгэсэн байна.
Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.