Румыний Сонгуулийн төв товчоо хэт барууны үзэлтэй, Оросыг дэмжигч улстөрч Кэлин Жоржескуг ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Сонгуулийн төв товчооны 10 гишүүн уг шийдвэрийг дэмжсэн бол дөрвөн гишүүн эсэргүүцсэн байна. Гэхдээ уг шийдвэр эцсийн шийдвэр биш бөгөөд К.Жоржеску давж заалдах боломжтой. Үндсэн хуулийн цэц гуравдугаар сарын 12-нд түүний нэр дэвших эсэхийг эцэслэн шийдэх юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг Үндсэн хуулийн цэц арванхоёрдугаар сарын 6-нд хүчингүй болгож байсан. Санал хураалтаар К.Жоржеску 22.94 хувийн санал авч ялалт байгуулсан ч Румыны тагнуулын алба түүний сонгуулийн кампанит ажлыг Оросын зүгээс олон нийтийн сүлжээгээр зохион байгуулсан гэж үзжээ. Үүний улмаас Румыний Ерөнхий прокурорын газар сонгуулийн дүнг луйвардсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Дахин сонгуулийг тавдугаар сарын 4-нд явуулах бөгөөд хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол тавдугаар сарын 18-нд хоёр дахь шатны санал хураалт болох юм.
Өдгөө 62 настай К.Жоржеску дахин нэр дэвшихээр гуравдугаар сарын 7-нд Сонгуулийн төв товчоонд хүсэлт гаргасан. Тэрбээр бие даан өрсөлдөхөөр төлөвлөж байсан бөгөөд “Румынчуудын нэгдлийн төлөөх холбоо” болон “Залуучуудын нам” түүнийг нэр дэвшүүлэхийн тулд гарын үсэг цуглуулсан байна.