Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
Төслийн хоёрдугаар шугам болох Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн техникийн эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) баталж, нийт 19 тулгуур багана, хоёр буудлын анкоруудыг хүлээн авсан байна. Харин тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур баганыг дөрөвдүгээр сард хүлээн авч, дүүжин замын кабинуудыг үйлдвэрлэж эхлэх аж.
Энэхүү дүүжин тээвэр нь нийт 98 кабинтай байх бөгөөд нэг кабин 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд 22 км/цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутын дотор хүргэх боломжтой юм.
Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа "Өнөөдрөөс тулгуур багана байрлуулах ажлыг эхлүүлж байна. Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулах шаардлагатай. Барилга угсралтын ажлыг 12 дугаар сард дуусгаж, гурван сарын туршилт, тохируулга хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй" гэв.
Харин “Моннис инженеринг” компанийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр "Төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуур багануудыг Францаас тавдугаар сард багтаан тээвэрлэнэ. Өрөмдлөгийг 15-20 метр гүнд хийж, 6-9 метр бетон суурь цутгах юм. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Францын талтай туршлага солилцон ажиллаж байна" хэмээн онцоллоо.
Ийнхүү дүүжин замын угсралт дууссанаас хойш зургаан сарын турш зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлтийг хийнэ.