Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж буй "ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Шүүх хуралд шүүгдэгчид мэдүүлгээ өгч байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг хууль бусаар ашигласан гэх зүйл ангиудаар буруутган, яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар өөрийн мэдүүлэгтээ:
"Би эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан. Хамгийн гол нь, хэний ч зориглоогүй 800 автобусыг шийдвэрлэх ажлыг би эхлүүлсэн. Олон нийтийн түвшинд шийдүүлж чадсанаараа Монголын түүхэнд бахархах зүйлтэй үлдэнэ. Өнөөдөр би яллагдагчийн хувиар мэдүүлэг өгч байна. Би ажил хийхгүй байсан бол энэ бүх асуудал надад ирэхгүй байсан. Монголд зориглож ажил хийх хүн хэрэгтэй. Хэдийгээр сэтгэл санаа, амьдрал хохирсон ч, улс төрч хүн энэ зовлон дундуур явж байж л чангардаг гэж бодож байна" гэжээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тэнүүн-Огоо” компани их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг.
Тус худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн шүүх хурал үргэлжилж байна.