АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламжаа зогсоох шийдвэр гаргасан нь олон улсын анхаарлын төвд байна. Түүний тушаал хүчин төгөлдөр болж, тус улсад хүргэхээр бэлтгэж байсан зэвсэг, техник, санхүүгийн тусламжийг зогсоожээ.
Трампын шийдвэр юуг хориглов?
- АНУ Украинд илгээхээр төлөвлөж байсан бүх төрлийн цэргийн тусламжийг зогсоов.
- HIMARS тийрэлтэт систем, Patriot зенитийн пуужингийн цогцолбор, Abrams танк, Bradley явган цэргийн байлдааны машин зэрэг гол зэвсэглэлүүд хоригт багтав.
- Польшийн транзит бүсэд байгаа, Украинд хүргэгдэхээр бэлэн болсон зэвсгүүд мөн хамаарч байгаа бөгөөд Цагаан ордны тушаал гуравдугаар сарын 4-ний 09:30 цагаас хэрэгжиж эхэлжээ.
- $3.85 тэрбум ам.долларын санхүүжилт ойрын хугацаанд олгогдохгүй болж, Украины армийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц томоохон хязгаарлалт үүсэв.
Трамп яагаад цэргийн тусламжаа зогсоов?
- Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтонд хийсэн айлчлал бүтэлгүйтсэн. Түүний зүгээс Америкийн аюулгүй байдлын баталгааг шаардах нь Трампын уур бухимдлыг төрүүлсэн гэж ажиглагчид үзэж байна.
- АНУ, Украины хооронд газрын ховор металлын худалдааны гэрээ байгуулах асуудал маргаантай болж, гэрээ үзэглэхгүй байсаар Трампын тушаал гарсан.
- Трамп Зеленскийг олны өмнө уучлал гуйсны дараа л Цагаан ордонд хүлээн авч уулзана гэж мэдэгдсэн нь хоёр орны дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Трампын шийдвэр ямар үр дагаварт хүргэх вэ?
- Украины зэвсэгт хүчинд ихээхэн хохирол учруулж, зэвсэг, техникийн дутагдалд оруулна. Барууны ажиглагчдын үзэж буйгаар, Украин байлдааны ажиллагааг хамгийн ихдээ зуныг хүртэл үргэлжлүүлэх боломжтой.
- Европын холбоо АНУ-ын орон зайг нөхөхөөр цэргийн тусламжаа нэмэгдүүлж болзошгүй. Гэвч тэдний үзэж байгаагаар, АНУ-ыг бүрэн орлох хэмжээний дэмжлэг үзүүлэх боломжгүй.
- АНУ Украиныг хэлэлцээрт суулгах стратеги барьж байгаа бололтой. ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээс өөр сонголтгүй болгох замаар энхийн тохиролцоонд хүрэх оролдлого хийж байна гэж ажиглагчид үзэж байна.
- Европын холбоонд үзүүлэх АНУ-ын дарамт нэмэгдэж болзошгүй. Трамп Украины тусламжийг зогсоох нь Европын холбоог илүү их ачаа үүрэхэд хүргэх стратегийн алхам байж болох юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр Украины нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирч, Орос-Украины сөргөлдөөнд шинэ эргэлт авчрах төлөвтэй байна.
Эх сурвалж: Izvestia