Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын хооронд “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай” хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан бөгөөд
- Хэлэлцээр байгуулах санаачилгыг Чехийн талаас гаргасан,
- Таван хэсэг, 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа,
- Олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх,
- Гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл солилцох, ялтан шилжүүлэх, албан хаагчдыг томилон ажиллуулах,
- Хамтарсан сургалт, дадлага хийх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хэлэлцээр батлагдсанаар Монгол, Чехийн хууль сахиулах байгууллагууд шууд харилцаж, гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн асуусан асуултуудад холбогдох албаныхан хариулж, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд Европын туршлагыг судлах нь зүйтэй гэж онцолжээ.
Санал хураалтын дүнд байнгын хорооны гишүүдийн олонх хэлэлцээрийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.