Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадам өчигдөр хөшгөө нээж, 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагч, 500 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, 1300 гаруй хүндэт зочид оролцож байна.
Монгол Улсын баг энэ удаагийн наадамд 24 тамирчнаа илгээсэн бөгөөд тэд уулын цана, гүйлтийн цана, сноуборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөх юм. Тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
“Турин-2025” тусгай олимпын өвлийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Патриция Санретто Ре Ребауденго нээлтийн үеэр:
“Энэ наадмыг зохион байгуулах нь Турин хот төдийгүй бүх Италийн хувьд саад бэрхшээл, нийгмийн олон талт байдлыг хүндэтгэх, эерэг хандлагыг бий болгоход гайхалтай боломж юм. Энэ нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, авьяас чадварыг тэмдэглэж, хамтран амьдрах, хуваалцах соёлыг сурталчлах болно” хэмээн онцоллоо.
"Ялалт байгуулахад минь туслаач, хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач" уриан дор болж буй наадамд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцож байна.